Стандарт, хэмжил зүйн газраас Шадар сайдын ажлын алба, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төвтэй хамтран “Баялаг-Ундраа”, “Баянзүрх” худалдааны төвүүдэд Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй махны чанар, аюулгүй байдалд хяналт, шалгалт, зөвлөмжийг хийлээ.
Орон нутгаас нийслэлд ирж байгаа малын маханд гарал үүслийн гэрчилгээ олгодог. Энэ дагуу “Нарантуул” худалдааны төвд гарал үүслийн гэрчилгээг цахимаар болон цаасаар олгосон байгаа нь шалгалтын явцад тогтоогдсон талаар нийслэлийн Мал эмнэлгийн газрын, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Дэлгэрмаа хэлж байв. Тэрбээр “Цахим гэрчилгээ” хэрэгжиж байна гэж үзэж байна" гэлээ.
Түүнчлэн хамтарсан баг “Нарантуул” олон улсын худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Экас лаб” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Тус компанийн Мал эмнэлэг, ариун цэврийн хяналтын лабораторийн эрхлэгч Ц.Хосбаяр иргэд гарал үүслийн бичгийг маш их шаарддаг, энэ талаар мэдээлэлтэй болсон гэдгийг хэлж байв. Тэрбээр “Манай лаборатори “Нарантуул” олон улсын худалдааны төв болон “Баялаг-Ундраа” төвд худалдаалагдаж байгаа хүнсний мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахиан мах, хиам, жимс ногоо, гурил, будаа зэрэг бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнд хими, мал эмнэлэг, нян судлал гэсэн гурван шинжилгээг хийдэг. Шинжилгээний дээжийг төлөвлөгөөний дагуу түүврийн аргаар авдаг. Мөн махны чиглэлээр худалдаа эрхлэгчид бүгд гарал үүслийн бичгээ авч, тэмдэглэсэн байгаа. Иргэн тухайн махны гарал үүслийн талаар мэдээлэл авах бол утасны камертаа “QR” уншуулаад хаанаас ирсэн, ямар шинжилгээ хийсэн, шинжилгээний шаардлага хангасан эсэхийг харах боломжтой болсон” гэлээ.
Харин Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ лабораторийн хувьд ямар нэг зөрчилгүй боловч “QR” код уншуулснаар тухайн махны талаарх бүх мэдээллийг авдаг байхаар ойлгомжтой болгох, ямар нэг байдлаар иргэдийг төөрөгдүүлсэн мэдээллээ засах шаардлагатай байгааг хэлж байв. Тэрбээр “Хүнсний аюулгүй байдалд аль аль талдаа асуудал бий. Лабораториуд чадамжтай эсэх, ялангуяа махыг антибиотик, эмийн үлдэгдэлтэй эсэхийг нотолж худалдаалах шаардлагатай. Иргэд бас үүнийг нь шалгаж, үзэж худалдаж авдаг байх ёстой” гэлээ.