Нийслэлийн авто замын хөгжилд 2025 он онцгой жил байлаа. Улаанбаатар хотод олон жилийн турш хэсэгчлэн нөхөж, аргацааж ирсэн замууд энэ жилээс бүтэн боллоо. Сүүлийн 10 орчим жилд шинэчилж чадаагүй авто замуудыг нэгхэн жилийн дотор засаж, шинэчилж болдгийг нүдэн дээр харууллаа. Бүтэн хоёр, гурван долоо хоног хааж засдаг байсан замыг үдэш бүрий, бороо, шороотой гэхгүйгээр засаж сэлбэсээр, нэг, хоёрхон өдөрт ажлыг дуусгаж ч үзүүллээ. Ийн зассаар нийслэл Улаанбаатар хот маань гол гудмын замынхаа 232 километр буюу Улаанбаатар хотоос Дархан хот орох хүртэлх хэмжээний замыг өнгөрсөн нэгхэн жилийн хугацаанд засаж, шинэчилжээ.

Улаанбаатар хотод нэг жилийн хугацаанд засаж, шинэчилсэн замын нийт километрийг графикаар үзүүлэв
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот нийт 272 километр гол гудмын замтай. Гэтэл сүүлийн хэдэн арван жил огт гар хүрээгүй, шинэчилж, засаагүй газрууд олон бий. Тухайлбал, Найрамдлын замд 1978 оноос хойш, Энхтайвны өргөн чөлөөнд 2008 оноос хойш их засвар хийгээгүй. Тиймдээ энэ мэт нэн шаардлагатай 232 километр авто зам буюу нийт замынхаа 85 хувьд засвар, шинэчлэлийн ажлыг хийжээ. Ингэхдээ дан ганц зам засаад өнгөрсөнгүй. Нийслэлд ус зайлуулах хоолой хэрэгтэй гэдгийг сүүлийн хэдэн жилд орсон бороо бидэнд харуулсан. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлээр нийслэлийн холбогдох байгууллагууд нэгдсэн төлөвлөгөөний дагуу бодитой ажил хийж эхэлжээ. Энэ онд нийтдээ 17 километр урттай борооны ус зайлуулах шугамыг ашиглалтад оруулсан байна. Тухайлбал, өмнө нь ус зайлуулах хоолой огт байгаагүй Нарны гүүрний урд хэсэгт шугам шинээр тавьж төвийн магистраль сүлжээнд холбожээ. Мөн Энхтайвны гүүрний доод хэсэгт анх удаа ус зайлуулах хоолой татжээ. Түүнчлэн Чингисийн өргөн чөлөөний Тэмээтэй хөшөөнөөс баруун тийш, Мишээл экспо хүртэлх замд шугам тавьснаар борооны дараах ус тогтдог асуудал эхнээсээ шийдэгдэж байна.
Эдгээр ажлыг замын шинэчлэлтэй уялдуулан хийсэн нь цаашид дахин ухаж сэндийлэх шаардлагагүй болгосон нь онцлох үр дүн юм. Ерөнхийдөө ус зайлуулах шугам хийх шаардлагатай 18 байршил байгаа бөгөөд энэ жил найман байршилд борооны ус зайлуулах шугамыг шинээр хийсэн нь энэ. Харин Геодизи, усны барилга байгууламжийн газраас ирэх жил үлдсэн 10 байршилд ус зайлуулах шугам тавихаар төлөвлөжээ.
Б.Одбаяр: Таван сарын хугацаанд энэ жилийн засвар, шинэчлэлтийн ажлыг амжилттай хийж дуусгалаа
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр:
-Өмнөх жилүүдэд Замын сангийн хөрөнгө оруулалтаар 10-20 километр орчимд туслах замын ажлыг хийдэг байсан. Ингэхдээ томоохон гол гудмын замын ажлыг хийдэггүй байсан. Харин бид 232 километр гол гудмын авто замын засвар, шинэчлэлтийг энэ жилийн есдүгээр сарын 1-ны өдөр гэхэд дуусгаад, ашиглалтад өгсөн байгаа.
Замын сангийн хөрөнгийг 2013 онд баталж, зам тавьдаг байв. Гэвч зам нэмэгдэхийн хэрээр төсөв мөнгө нь хүрэлцэхгүй болж засвар шинэчлэлийн ажил 2014, 2015 онуудад хийгдээд түүнээс хойш орхигдсон. Улмаар 10 жилийн дараанаас замууд маань эвдэрч, яах аргагүй хийцийн эвдрэл рүү орсон. Тухайлбал, хамгийн их эвдрэлтэй хэсэг болох Энхтайвны өргөн чөлөө буюу Гадаад хэргийн яам, Багшийн дээдээс Төв шуудангийн уулзвар хүртэлх зам маш хэцүү байдалтай болж, суудлын авто машин явахад доод талыг нь цохихоор хэмжээний дугуй мөрний ховил, суулт үүссэн байсан. Тиймээс энэ мэт засварлах зайлшгүй шаардлага үүссэн замуудаа эхний ээлжид зассан байгаа. Ингээд 232 километр авто замыг жилийн дотор хийж дуусгаад байна.
Энэ жилийн тухайд өнгөрсөн дөрөвдүгээр сард газар гэсэх үеэр зам засварын барилгын ажлаа эхэлсэн. Ингэхдээ шөнийн цагаар суурь хүчитгэх ажлуудаа хийсэн байгаа. Тухайлбал, ТБД Андуудын урд талд шороо бужигнаад байна гэсэн шүүмж явсан шүү дээ. Энэ нь суурийг хүчитгэж байгаа юм. Хэрэв тэр замуудад зөвхөн хучилт хийгээд орхичихвол жилийн дараа дахиад л эвдэрнэ. Тиймээс сууриар нь засварласан. Ийм ажлыг олон газар хийлээ. Жишээ нь, Санхүү эдийн засгийн их сургуулийн урд хэсэг, Бөхийн өргөөний урд хэсэг, Гадаад хэргийн яамны урд талын хэсгүүдийн эвдрэл нь суурь руугаа орчихсон байсан учир суурийг нь цементээр хүчитгэж, хучилтын ажлыг хийсэн. Хучилтыг хийхдээ өнгө хучилтын үе дээр полимер битумыг ашигласан байгаа. Энэ нь уярах температур өндөр учир агшилт суналтад тэсвэртэй. Өвөл асфальт агшиж үүнээс температурын хагарлууд гардаг. Энэ багасна гэсэн үг.
Мөн оройн цагаар буюу 22:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд ажлуудаа хийсэн. Зөвхөн өнгө хучилтыг хийхдээ өдрийн цагаар зам хаасан нь иргэдэд чирэгдэл бага учруулсан болов уу. Ингээд таван сарын хугацаанд энэ жилийн засвар, шинэчлэлтийн ажлыг амжилттай хийж дууслаа.
Цахилгааны дугуй, скүүтер, мопедны зурвастай болов

Хотын гудамжаар давхилдах цахилгаан дугуй, скүүтер, мопед, мотоциклоос үүдэлтэй аваар осол тасрахаа байсан. Гэмтлийн эмнэлгийн ачааллыг ч эдгээрээс үүдэлтэй ослууд нэмж байгааг эмнэлгийн тоо баримтаас харж болно. Нөгөө талд түгжрэлийг бууруулахын тулд цахилгаан дугуй, скүүтер, мопед, мотоцикл зэрэг тээврийн хэрэгслийг дэмжих шаардлага бий. Иймд нийслэлээс энэ жил зассан замуудынхаа боломжит газруудад скүүтер, цахилгаан дугуйны зурвасыг гаргажээ. Ингэхдээ хоёр, гуравдугаар эгнээний өргөнийг гурван метр, нийтийн тээврийн эгнээг 3.5 метр болгон шинэчилсэн байна. Эндээс үлдсэнийг мопед, скүүтерийн зурвас руу шилжүүлжээ. Уг зурвас дунджаар 80-120 см өргөнтэй байгаа аж. Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлж буйгаар “Их тойруугийн зам буюу Баруун дөрвөн замаас Гэсэр сүм, 100-н айл, Сансар, Эвтэй дөрвөн амьтнаас доош уруудахад хийгдсэн байгаа. Мөн Сансарын E-mart-ийн уулзвараас эхлэн мөн зам гаргасан байгаа. Чингисийн өргөн чөлөөнөөс Станцын уулзвар хүртэл үргэлжилнэ. Станцын уулзварыг зургаан эгнээ болгоход энэ бүхэн хийгдээд явна гэсэн үг. Цаашид бүх зам дээр скүүтер, дугуй, мопедны замыг тусад нь гаргаж өгье гэж байгаа. Үүнд уулзвар дээр огтолцох хэсэгт бэрхшээл тулгарна. Тиймээс уулзвар дээр ирсэн тохиолдолд дугуй, мотоцикл, скүүтерээ түрч гарна. Энэ шилжилтийг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй байна” гэв.
Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж буйгаар цахилгаан дугуй, скүүтер, мопедноос үүдэлтэй осол 2022 онд 50, 2023 онд 305, 2024 онд 532 бүртгэгдэж байсан бол энэ оны найман сарын байдлаар 470 тохиолдол бүртгэгдээд байна. Цаашид цахилгаан дугуй, скүүтер, мопедны зурвасыг бүх зам дээр гаргаж, шилжилтийг шийдэж чадвал энд дурдсан тоог багасгаж чадах нь.
Шинэ технологи: LCMS буюу лазераар замын эвдрэлийг хэмжиж зам засварын төлөвлөлтөө гаргана

Улаанбаатар хотод анхны хатуу хучилттай авто замыг Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулж Төв цэнгэлдэх хүрээлэн Махкомбинатын чиглэлд тавьсан гэдэг. Энэ бол 1958 он юм. Гэтэл түүнээс хойш 70 орчим жил болоход манайд замын эвдрэл, гэмтлийг тодорхойлох нэгдсэн дата мэдээлэлгүй явсаар иржээ. Шуудхан хэлбэл, энэ жил аль замд ямар засвар, шинэчлэлт хийх вэ гэдгийг тодорхойлох боломжгүй явжээ. Гаднын бусад улсад эвдрэл гэмтэлгүй дардан замтай байдгийн шийдэл нь LCMS (Laser Crack Measurement System) буюу лазераар замын эвдрэлийг хэмжигч системийг ашиглаж, зам засварын төлөвлөлтөө гаргадаг байна. Харин манай улсад энэ жилээс уг системийг нэвтрүүлж байна. Ингэснээр Улаанбаатар хотын авто замын бүх дата мэдээллийг цуглуулах боломжтой болж буй.
Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Уг төхөөрөмж дөрвөн метрийн өргөнөөр бүх хагарал, гэмтлийг хэмжиж датаг цуглуулдаг. Үүний дараа тухайн замд тохирсон засвар, арчлалтыг тодорхойлно. Түүнчлэн тус замыг хэзээ засварлах шаардлагатайг цаг хугацаа, санхүү, эдийн засгийн тооцоотой нь гаргаж өгдөг нарийн систем юм. Авто зам дээр гэмтэл бага байхад тохирох засваруудыг хийснээр эдийн засаг болон цаг хугацааг хэмнэнэ. Үргэлж асфальт бетон хучилт хийх нь өртөг өндөртэй шүү дээ. Иймд авто замын гадаргуун боловсруулалтад үндэслэн замыг харьцангуй гэмтэхээс өмнө засварлах боломж бүрдэнэ” гэсэн юм.
“Data Collection Limited” компанийн тусламж, үйлчилгээний инженер Виниш Ваала уг системийг нэвтрүүлснээр авто болон явган зам дээрх нүх сүв, ан цав, хагарал, суултыг оновчтой тооцоолж, мэдээллийг нь хадгалах боломжтой гэдгийг онцолж байна. Энэхүү системийг дэлхий даяар ашигладаг бөгөөд өнөөдрийн байдлаар 300 орчим төхөөрөмжийг ашиглагдаж байна. 3D хэмжээсээр мэдээллийг нарийн бүртгэж авах боломжтой тус бүр 2000 лазер бүхий хоёр мэдрэгчтэй. Нийт 4000 лазер мэдрэгчээр дөрвөн метр өргөнтэй замын эвдрэл гэмтлийг мильметрийн төвшинд хянаж бүртгэх юм. Мөн GPS-ийн мэдээллийг давхар бүртгэж, байршилтай нь хамт замын эвдрэлийг хянана. Дээр нь байрлах 360 камераар тухайн байршлыг зургаар давхар баримтжуулах боломжтой. Ашиглалтын засвар, үйлчилгээг давхар хийснээр 10 гаруй жил ашиглах боломжтой гэдгийг хэлж байв.
Түгжрэлийг бууруулах мега төслүүд
Ерөнхийдөө нийслэл Улаанбаатар хотын автозамын засвар, шинэчлэлтийн ажил дуусаж байна. Хотын дарга Х.Нямбаатарын хэлснээр өнгөрсөн жил засвар, шинэчлэлт хийсэн авто замуудад ойрын 8-9 жилдээ огт гар хүрэхгүй гэдгийг онцлоод буй. Харин тэдний хувьд Туулын хурдны зам, Шинэ тойрог авто зам зэрэг нийслэлийн түгжрэлийг бууруулах мега төслүүд хүлээж байна. “Шинэ тойрог авто зам” төслийн хувьд “Нэгдүгээр тойрог зам”, ”Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.
Туулын хурдны замын инженер геологийн өрөмдлөгийн ажил эхлэв
.jpg)
Нийслэл хот 2025-2028 онд 24 мега төслүүдийн нэг нь Туулын хурдны зам төсөл юм. Уг төслийн талбайн геодезийн хэмжилт бүрэн дуусаж, инженер геологийн өрөмдлөгийн ажил эхэлжээ. Мөн төслийн гүйцэтгэгчийн кемпийн газар олголт дуусаж, ТЭЦ 3-ын үнсэн сангийн байрлалд кемпийн барилгын ажил эхэлж бетоны узель, бутлуурын үйлдвэрийн тээвэр хийгдэж байна.Түүнчлэн нэг болон хоёрдугаар тойрог замтай нийлэх хэсгийн төлөвлөлтийг гүйцэтгэгч болон захиалагчийн хяналттай уулзалт хийж, тухайн хэсгүүдийн төлөвлөлтийг гүйцэтгэж байна.
Туулын хурдны зам нь нийт зургаан эгнээ бүхий, 32 км урт, Баянзүрхийн товчооноос баруун аймгийн чиглэлийн “аюулгүйн тойрог” хүртэл үргэлжилнэ. Мөн 8 байршилд 2 түвшний уулзвар, 13 байршилд нийт 9,878 метр урт гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннелтэй байх юм.
Уг хурдны зам ашиглалтад орсноор ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болж, орон сууцны бүсийн агаарын бохирдол, дуу чимээ багасна. Ингэснээр хотын иргэд эрүүл, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэх, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлалыг шинэ түвшинд хүргэх, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох цогц төсөл юм. Төслийн үр дүнд хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарсан.
Монгол Улс анх удаа хурдны замтай болно

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай:
-Нэгдүгээр шинэ тойрог авто зам нь 24.7 км урт үндсэн 6 эгнээ, зарим хэсэгтээ туслах 4 эгнээ нэмэгдэх бөгөөд гүүрэн байгууламж, туннел, далангийн ажлуудыг давхар гүйцэтгэнэ. АНУ болон БНХАУ-ын хувь нийлүүлсэн компани болох “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК нэгдүгээр Шинэ тойрог замын ТЭЗҮ-ийг нь боловсруулж, холбогдох мэргэжлийн бүх байгууллага, шинжээчдээр хянуулж, батлуулсан. Нэгдүгээр шинэ тойрог замын бас нэг онцлог гэвэл expressway буюу уг замаар тээврийн хэрэгсэлтэй иргэн зогсолтгүй явсаар төгсөх зориулалттай. Энэ чиглэлээр Монгол Улсад анх удаа баригдах хурдны зам болж буй. Уг авто замын нийт 918 сая ам.долларын санхүүжилтийн 15 хувийг “Эрдэнэс Монгол” ХХК, 85 хувийг гүйцэтгэгч өөрөө гаргах буюу олон улсын нэн хөнгөлөлттэй урт хугацааны зээлээр бүрдүүлэхээр төлөвлөж байгаа юм. 2025 оны наймдугаар сард EPC+F нөхцөлтэй Нэгдүгээр шинэ тойрог замын олон улсын нээлттэй тендерийг гурван багцад хуваан зарлаж, есдүгээр сард тендер шалгаруулалт дуусвал, 2025 оны намартаа багтаж гэрээ байгуулах болон бусад нарийвчилсан ажлуудаа төлөвлөж дуусгаад 2026 оны хавар барилга угсралтын ажлыг эхлүүлэх хуваарьтай байгаа.
Нэгдүгээр шинэ тойрог зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын түгжрэлийг 23-27 хувь бууруулж, нэг өдөрт уг авто замаар 183 мянган автомашин зорчих боломжтой гэж тооцсон. Харин Нэгдүгээр шинэ тойрог зам, Туулын хурдны замтай хамт ашиглалтад ороход Улаанбаатар хотын түгжрэлийг 40 орчим хувиар бууруулна гэсэн ТЭЗҮ-ийг боловсруулаад байна.
“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна

“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ, урьдчилсан зураг төсөл боловсруулах ажлыг БНХАУ-ын Гуандун мужийн “Зам тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп” ХК гүйцэтгэж байна. Тус ажлын үйл явц 80 хувьтай байна.
“Хоёрдугаар тойрог зам” төсөл бүрэн хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэлийг 23 орчим хувиар бууруулна гэж тооцоолж буй.
Энэхүү замын трасс нь хотын захын бүсийг хамрах бөгөөд дэд төвүүдийг холбох хоёр чиглэлтэй маршрутаар хэрэгжихээр төлөвлөгдсөн.
-Баруун чиглэлийн маршрут нь 22-ын товчооноос эхэлж, Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны төгсгөл, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дайран өнгөрч, Баянхошууны уулзварт хүрч нэгдүгээр тойрог замтай холбогдоно.
-Харин зүүн чиглэлийн маршрут нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжилж, эцэст нь Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөгдсөн. Эдгээр чиглэл нь хотын зүүн болон баруун захын бүсүүдийг төвийн замын ачаалалд нөлөөлөхгүйгээр холбож, шилжилт хөдөлгөөнийг дэмжих, хотын захын хороололд амьдарч буй иргэдийн тээврийн хүртээмжийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэх ач холбогдолтой.
Б.Номин

























