Сар шинийн өмнөхөн эрүүл мэндийн салбарыг самарч буй яамных нь төрийн нарийн бичгийн дарга Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлыг ирц нь бүрдээгүй ТУЗ-ийн хурлаар чөлөөлсөн тухай хэвлэлийн мэдээгээр нэг хөвөрч байв. Өчигдөр буюу 02 сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн салбарынхан чуулсан хуралдаанд Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн бодлогын зөвлөх тэргүүтэй тус салбарын төлөөллүүд салбарын хөгжил ярихдаа энэ төрлийн мэдээллүүдийг орхигдуулж, шийдлээ ярьсаар өнгөрөв. Гэтэл төрийн тэргүүний зөвлөх, салбарын сайд, тус салбараас сонгогдсон гишүүд хуралдан буй үед доогуур нь анхан шатан дээр төрийн нарийн нь улсын эмнэлгийн ТУЗ-ийг толгойлж өөрийн хамаарал бүхий хүмүүсийг томилж суугаа талаар УНТЭ-ийн ажилчид шүгэл үлээж эхэллээ. Тодруулбал 01 дүгээр сард хуралдсан УНТЭ-ийн ТУЗ-ийн хуралдаанд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат урьд оройн 20 цагт хурлаа заран хуралдуулахдаа ирц нь хүрээгүй байхад 4 хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан байх агаад энэ талаар мэдээллийн тодруулга авахыг хүсэхэд тайлбар өгөх боломжгүй” гэсэн юм.
Эрүүл мэндийн тухай хуулиар төрийн өмчит эмнэлгийн удирдлагыг солих, өөрчлөх асуудлыг эмнэлгийн ТУЗ шийдвэрлэдэг бөгөөд тус хуулийн 17-р зүйлд зааснаар ТУЗ-ийн хурал хүчинтэйд тооцогдох ирцийн хувь УНТЭ-ийн хувьд 9 гишүүнтэйгээс 7 хүн ирж байж хүчинтэйд тооцогдох юм.
Асуудал үүгээр дууссангүй, яаран ирцгүй ТУЗ-аар өмнөх үүрэг гүйцэтгэгчийг чөлөөлж буй шалтгаанаа тэрбээр “Өмнө нь захирлаар ажиллаж байсан Лхажийг эргүүлэн албан тушаалд нь томилох хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа явдал” хэмээн тайлбарладаг ч эргүүлэн томилогдсоноосоо яг 7 хоногийн дараа шинэхэн захирал Н.Лхажий нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, ТУЗ-ын дарга Очирбат нь өөрийн найз сургалтын албаны дарга П. Анхтуяагаа томилсон хачирхалтай үйл явдал болсон. Тэрчлэн ТУЗ-ийн дарга нь ЭМЯ-ны ТНБД Д.Очирбат өөрөө байх юм. Харин ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар түүний яаман дээрх туслах хийдэг Нинжбадгар гэгч ажиллаж эмнэлгийн даргын буюу ТҮЭМ-9 цалингаар цалинжуулах тогтоолыг ТУЗ-ийн дарга Очирбат нь зөвлөлөө хуралдуулалгүй 11 - р сард дур мэдэн гаргаж төрийн нарийний холбоо хамаарал улсын эмнэлэг, иргэд эмчлүүлдэг салбарт ч эчнээ шингэн орж, гүн гүнзгий улс төржиж буй жишээ бөгөөд хохирогч нь Нэгдүгээр эмнэлэг болж байна. Цаашлаад түүний сайн найз зүрхний гэгдэх Анхбаярын хүү нь УНТЭ-д 2 жилийн өмнө резидент эмчээр орсон хэдий ч Эрүүл мэндийн тухай хууль болон тусгай шаардлага хангаагүй сургалтаа тасалснаар эдүгээ эмнэлгийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлож байгаа П.Анхтуяа найзынх нь хариуцаж байсан сургалтын албанд нь шалгалт орж зөрчлүүд илэрч , тус резидент кредит хангаагүй хэрнээ 5 сар сул цалин авч байсан тухай баримт дэлгэгдсэн байна. Угтаа бол эрүүл мэндийг сахин хамгаалагч, иргэний эрүүл мэндийг хариуцсан чухал ажилтай резидент буюу дадлагажигч эмч нь 2 жилийн хугацаанд хариуцлагатай суралцсаны үндсэн дээр эмчлэх эрх олж авдаг бол хэн нэгэн улс төрийн нөлөө бүхий этгээдийн хамаатанд хууль үйлчлэхгүй байгаагийн жишээ нь эл салбарт мөн ингэж илэрчээ.
2024 онд Шри ланк улсад болсон эрүүл мэндийн салбарын эмийн аюулгүй байдлын хуралд УНТЭ-г төлөөлүүлж Д.Очирбат өөрийн найзууд болох П, Анхтуяа, Анхбаяр нарыг явуулжээ. Тус хурал нь эмийн чанар, аюулгүй байдлын хурал байсан бөгөөд англи хэлгүй, эмийн чанарын асуудал хариуцаагүй ажилтнуудыг ЭМЯ-ны шугамаар явуулсан талаар эмнэлгийн эмзүйн салбарынхан байтугай ЭМЯ-ны удирдлагууд ч гайхан тухайн үедээ шүгэл үлээж байв. Монгол улс эмийн чанар, аюулгүй байдалд анхаарч 2 жилийн өмнө эмийн сонсгол хүртэл хийж байсан цаг саяхан байтал салбарын сайд сонсгол хийж байх зуурт Төрийн нарийн бичгийн дарга нь өөрийн салбарын бус хүмүүсээ ийнхүү олон улсын хуралд явуулж татвар төлөгчдийн мөнгөөр буудал, хоолыг нь дааж байсан явдал нь уг салбарт нэгдсэн бодлого, үйл ажиллагааны нэг цонхоор харах систем байхгүйг харуулж байгаа юм. Цаашлаад зөвлөх нь сайдаасаа илүү эрх мэдэлтэй байж, яамны хурал толгойлдог эл салбарт Төрийн нарийн бичгийн дарга сайдаасаа давсан улс төржилт, ашиг сонирхлын хуваарилалт хийдэгийг эдгээр явдал харуулсаар энэ хүрэхэд салбарын сайд, Засгийн газрын тэргүүн арга хэмжээ авалгүй өдийг хүрчээ. Энэ салбарт эзэн байна уу? Гэх асуултыг эмч, ажилчид асуусаар удаж байгаа ч төрийн нарийний улс төрийн хамаарал хэт өндөр тул түүнд хэн ч хариуцлага тооцохгүй явсаар л... Шийтгэлгүй явсаар шир болно гээч явдлыг Эрүүл мэндийн салбарт төрийн нарийн бичгийн дарга нь бодитоор үзүүлж явсаар байвал энэ салбар хөл дээрээ сөхрөх нь эмч нарын цалин, төсвийн асуудал биш энэ улсын “хорт хавдар” болоход тун дөхөв бололтой.

























