Монголчуудын нийтээрээ хэрэглэж байгаа махны зах зээл ихэнхдээ гар дээрээс шууд эцсийн хэрэглэгчдэд хүрч байна. Тэр дунд ченжүүд гүүр болдог ч ихэнх тохиолдолд малыг гар аргаар төхөөрч, бэлтгэж буй. Тэгвэл Монгол Улс Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, тэр дундаа “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"-ыг баталж мөрдөөд жил орчим болж байна. Өөрөөр хэлбэл, малчид төдийгүй хүн бүхэн нийтийн хэрэгцээнд зориулан хүнс нийлүүлж байгаа бол хариуцлагатай байх учиртай юм. Үүний ганцхан жишээ нь хот руу оруулж ирж байгаа мал, махыг заавал үйлдвэрт төхөөрсөн байх шаардлагыг 2025 оноос тавьж эхэлсэн ч хэрэгжиж байгаа нь ховор байна.
Төрийн байгууллагаас эхлээд шат шатандаа хяналт ч алга. Хамгийн чухал нь малчид ч, үйлдвэрлэгчид ч төдийлөн ойлгож мэдээгүй учраас турших, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа юм.
Товчхондоо, малчид нийтийн хүнсэнд зориулж зах “лангуу”-н дээр борлуулж байгаа махаа үйлдвэрт төхөөрч хэвших нь бэлтгэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах гээд бүхий л шатанд аюулгүй байдлыг хангах юм. Энэ талаар Монголын Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах “Мах махан бүтээгдэхүүнийг худалдаалахад заавал үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн байх ёстой гэсэн шаардлага тавигдаж байгаа ч хэрэгжилт төдийлөн хангалтгүй байна. Манай улс техникийн зохицуулалттай болсон.
Энэ техникийн зохицуулалтаар хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор мал бэлтгэх, төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, худалдаалах, экспортлох, импортлоход тавигдах шаардлагыг тогтоосон. Үүнийг мах бэлтгэх бүх гинжин хэлхээнд оролцогчид дагаж мөрдөнө. Мөн чөлөөт бүсэд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, худалдаалахад энэ техникийн зохицуулалтыг мөрдөнө. Гахай, тахиа, загасны мах, махан бүтээгдэхүүн импортлоход ч хамааралтай. Үндсэндээ, үйлдвэрлэлийн аргаар төхөөрсөн малыг хүнсэндээ хэрэглэж, нийтийн худалдаанд хэвшүүлэх шаардлагатай байгаа юм. Техникийн зохицуулалт хуулийн нэгэн адил мөрдөгдөх ёстой.
Хүнсний зориулалтаар бэлтгэх малын эрүүл мэнд, мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийн бүтэц, зохион байгуулалт, тоног төхөөрөмж, технологийн эрүүл ахуй, хөргөлтийн байгууламжид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагууд, ажиллагсдын эрүүл мэнд, ариун цэвэр, эрүүл ахуй, мах, махан бүтээгдэхүүний тээвэрлэлт, худалдаанд баримтлах техникийн зохицуулалтын шаардлагууд, хүний нөөцийн чадавх, мах, махан бүтээгдэхүүний мөшгөлтийн тогтолцоог хамаарч байна” гэлээ.
.jpeg)
Харин малчин, хоршооныхон баталгаажсан бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэхийн ач холбогдлыг АДАПТ төслийн техникийн мэргэжилтэн П.Ганхуяг “Техникийн зохицуулалт 2025 оны эхээс хэрэгжиж эхэлсэн. Төхөөрөх үйлдвэрүүдэд бэлтгэсэн махыг нийтийн хэрэгцээнд буюу зах зээл дээр худалдах байдал үнэхээр учир дутагдалтай байгаа. Монголд мал төхөөрөх үйлдвэр хангалттай бий. Гэвч малчин, хоршоод зах зээлд нийлүүлэх гэж байгаа малынхаа эрүүл ахуйн шаардлага, гарал үүслийг нь баталгаажуулж үйлдвэрт тууж очоод төхөөрч, бэлтгэх ёстой. Үүний дараа хэн, хаана хэрхэн борлуулах нь нээлттэй. Хамгийн гол нь үйлдвэрт зориулалтын аргаар төхөөрч бэлтгэсэн эрүүл ахуйн шаардлага хангасан махыг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх хууль журам бий. Энэ ажил бүх түвшинд орхигдсон нь хүнсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байна. Малчин, хоршоо, үйлдвэрлэгч аль аль түвшиндээ хэвшүүлчих юм бол хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдалд маш чухал дэвшил болно. Ингэж баталгаажсан бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлснээр мах үнэгүйдэхгүй. Харин ч малчид боломжийн үнээрээ махаа борлуулах боломжтой” гэсэн юм.
Тэгвэл бид Улаанбаатар хотын хэд хэдэн байршилд байгуулаад буй малчдын гар дээрээс мах худалдаалах цэгийг зорьж малчдын саналыг сонссон юм. Хэрэглэгчдэд ченжээр дамжуулахгүй, малчдын гар дээрээс хямд үнэтэй мах худалдан авах боломжийг олгож буй мах худалдаалах цэг дээр малчид өөрсдөө “зогсож” буй юм.
Тэднээс махаа лангуун дээр авчрахдаа үйлдвэрт төхөөрөх боломжтой талаар асуухад Төв аймгийн малчин С.Болд “Малаа гэртээ л төхөөрөөд ирж байгаа. Үйлдвэр рүү тууж очиж төхөөрөхөд мөнгө төлнө. Тэндээсээ ачаад нааш нь авчирч борлуулна гээд малчдаас илүү зардал гарах юм шиг санагдаж байна. Мэдээж малчин хүн эрүүл, аюулгүй хүнс нийлүүлэх ёстой. Манай аймаг, сум ойр хавьд махны үйлдвэр байдаггүй болохоор санаанд орсонгүй, туршиж үзсэнгүй” гэсэн юм. Харин Өвөрхангай аймгаас ирсэн малчин Г.Гүрдорж “Ер нь бол малыг зориулалтын үйлдвэр цехэд төхөөрвөл илүү цэвэрхэн л дээ. Зарим үед малчид бидний ч хөдөлмөрийг хөнгөвчлөх эерэг нөлөөтэй. Гэхдээ тав, арван хонь, бод мал тууж очоод үйлдвэрт төхөөрүүллээ гэхэд хэр их төлбөр мөнгө гарахыг мэдэхгүй байна. Зардал мөнгө багатай бол үйлдвэрт төхөөрсөн нь аль аль талдаа хариуцлагатай, хөдөлмөр хөнгөвчилнө” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Өөр хэд хэдэн малчин “Суманд үйлдвэр гэхээс малыг олноор нь аваачаад гар аргаар төхөөрдөг “бой”-ны газар л байдаг. Тэндээ нэг малыг 10-20 мянган төгрөгөөр үнэлж төхөөрүүлдэг. Харин үйлдвэрт хандаж, сонирхож үзээгүй болохоор мэдэхгүй байна” гэж байлаа.
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн хүрээнд “УАӨ-ийн сурвалжлагчдын корпус”-ын гишүүдийн дунд зохион байгуулагдсан “Малын гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон борлуулж буй сайн туршлага” сэдэвт бүтээлийн уралдаанд зориулан бэлтгэв.
Б.НОМИН

























