2025 оны Улсын төсвийн төсөлд Боловсролын яамны зардал 152 тэрбум төгрөгөөр хасагдаж буй. Энэ талаар салбарын сайдаас тодруулахад П.Наранбаяр “Хувийн сургуульд 76 мянган хүүхэд сурч байна. Үүнээс нийслэлд 68 мянган хүүхэд суралцаж байна. 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуульд хувьсах зардал огт олгогдохгүй байгаа. Монгол Улс нэг хүүхдэд 1.8 сая төгрөгийн хувьсах зардал зарцуулж байна. Боловсролын Ерөнхий хуульд энэ хувьсах зардлыг хуваалцаж байгаа сургуулиудад дэмжлэг үзүүлэхийг заачихсан байдаг. Ер нь хувийн сургуулиуд боловсролын үйлчилгээг сонголттой болгож, төрийн ачааллаас үүрэлцэж байгаа гэдгийг бид бодох л хэрэгтэй. Хэрэв энэ ачааллаа төр өөрөө дааж сургууль барина гэвэл зөвхөн нийслэлийн ачааллыг бууруулахад 1.3 их наяд төгрөгийн хэрэгцээ гарч байгаа юм. Энэ жилийн салбарын хөрөнгө оруулалтын зардал 470 тэрбум төгрөг байна. Цаашид бид төсвийн зарлагын 20 орчим хувийг боловсролд зарцуулах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 13 хүрэхгүй хувийг зарцуулж байна. Үүнийг Сангийн яам дэмжиж ажиллахаа илэрхийлсэн” гэв. Түүнчлэн ирэх жил хийгдэх бүтээн байгуулалтын төслийн талаар “Боловсролын салбарт ирэх онд шилжин хийгдэхээр төлөвлөгдсөн 400 гаруй төсөл байсан. Нийт 474 тэрбум төгрөгөөр 93 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр байгаа. ЗГ-аас анх өргөн мэдүүлсэн байсан төсөвт 500 орчим тэрбум төгрөг суулгасан байсан ч сүүлийн төсөлд 26 тэрбум төгрөгөөр хасагдсан. арванхоёрдугаар сарын байдлаар гэрээгээ байгуулж амжаагүй ажлын санхүүжилт хасагдсан гэсэн үг. Бид алдагдлыг нөхөхийн тулд Дэлхийн банктай зээлийн асуудлаар ярилцаж байна” хэмээлээ.