БНХАУ-ын Шанхай хотод 2024 оны 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд Хятадын олон улсын импортын VII ЭКСПО зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ үеэр Стандарт, хэмжил зүйн газар болон БНХАУ-ын Үндэсний стандартчиллын удирдах газар хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичгийн хүрээнд Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар БНХАУ-ын Үндэсний стандартчиллын удирдах газрын дэд дарга Гүо Ченгуан болон бусад албаны төлөөлөгч нартай уулзалт хийлээ.
Уг уулзалтыг Хятадын олон улсын импортын VII ЭКСПО дахь Монгол гэрт зохион байгуулсан бөгөөд хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон хамтарсан ажлын хэсэг байгуулахаар санал солилцож тохиролцов.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 14 мега төслийн хүрээнд аж үйлдвэрийн болон дэд бүтцийн инновацийг шингээсэн стандартыг бий болгох, хөгжүүлэх чиглэлээр туршлага солилцох, стандарт, хэмжил зүйн чиглэлээр албан хаагчдыг чадавхжуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.
БНХАУ-ын Үндэсний стандартчиллын удирдах газраас үйл ажиллагаатай нь танилцаж, туршлага солилцохыг урьсан юм.