Монгол Улсын тээврийн салбарын гишүүн байгууллагуудын дунд мэргэжлийн ур чадварын улсын уралдаан 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Уг уралдааныг Монголын Ачаа Тээврын Ассоциаци, Монгол Тээвэр Нэгдэл хамтран зохион байгуулдаг юм.
Уралдааны зорилго нь жолооч, техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, аюулгүй ажиллагаа, үйл ажиллагааны сахилга батыг сайжруулах, салбарын стандартуудыг дээшлүүлэхэд оршиж байна.

Энэхүү уралдаан нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд тээврийн салбарын томоохон байгууллагуудын харьяа компаниудын төлөөлөл оролцсон юм. Оролцогчид тээврийн дүрэм, стандарт, журмын онолын мэдлэг, мөн бодит нөхцөлд гүйцэтгэх практик жолоодлогын чадвараар өрсөрддөг юм. Үүнд саадтай замаар жолоодох, ухрах маневр, зогсоолын нарийвчлал, саадыг тойрох, ослын нөхцөлд хариу үйлдэл үзүүлэх зэрэг даалгаврууд багтсан бөгөөд энэ жилийн уралдаанд 100 гаруй жолооч, техникийн ажилтан оролцсон байна.
Уралдаанд шүүгчдээр “Их Аяны Жолоо” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Буман-Эрдэнэ, “Ган хүлэг” транс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Баттулга, “Түмэн ложистик” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Энхтүвшин нар уригдан ажиллажээ. Шүүгчдийг тээвэр, логистикийн салбарт олон жилийн турш хуримтлуулсан туршлага, мэргэжлийн мэдлэг, салбар дахь нэр хүндийг нь харгалзан сонгосон байна.
Уралдааны үеэр шүүгчид оролцогчдын жолоодлогын ур чадвар, аюулгүй ажиллагааны дүрэм мөрдөх байдал, ослын үед хариу арга хэмжээ авах чадвар, тээврийн үйл ажиллагаанд тавигдах стандартуудын хэрэгжилтийг үнэлсэн байна. Шүүгчдийн баг нь уралдааны шударга байдал, үнэлгээний нэгдсэн стандартыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж зохион байгуулагчид онцолжээ.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү ур чадварын уралдаан нь тээврийн салбарын мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, туршлага солилцох, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх үр дүнтэй талбар болж байгааг дурдсан байна. Шүүгчдийн өгсөн үнэлгээ, санал зөвлөмжүүд нь салбарын хэмжээнд аюулгүй ажиллагаа, үйл ажиллагааны чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулсан гэж үзэж байна.
Мэргэжлийн ур чадварын энэхүү улсын уралдаан нь цаашид ч тээврийн салбарын хүний нөөцийн хөгжил, мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ хэвээр үргэлжлэх юм.
Улаанбаатар хот 2023/06/03


























