ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Улаанбурхан өвчний халдвар авсан дөрвөн сартай хүүхэд эндсэн харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр “Улаанбурхан өвчний тохиолдлын тоо ихсэх тусам хүндрэлийн тоо нэмэгддэг. Өнөөдөр өглөө улаанбурхан өвчнөөр оношлогдсон дархлаажуулалтад хамрагдаагүй дөрвөн сартай өвчтөн эндсэн харамсалтай тохиолдол бүртгэгдлээ. Ар гэрт нь эмгэнэл илэрхийлье. Ер нь хүүхдийн биеийн байдал хүнд ирсэн. Сар гаруй хатгалгаатай, 2-3 эмнэлэг дамжсан байсан. Ерөнхийдөө улаанбурхан өвчний дэгдэлт ихэссэнтэй холбоотой дархлаажуулалтын нас нь болоогүй хүүхдүүд өвдөх эрсдэл өндөр байна. Мөн архаг хууч өвчтэй хүүхдүүд эндэх эрсдэлтэй байна. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулаарай” гэлээ.