Нийтийн эзэмшлийн газарт байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэхдээ хүний эрх зөрчсөн гэх дөрвөн удаагийн гомдлыг нэр бүхий иргэдээс ХЭҮК-т гаргасан. Тиймээс ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, НЗДТГ-ын дарга Д.Амгалан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн болон дүүргийн Засаг дарга нартай 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр санал солилцлоо. ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд Комисст ирүүлсэн гомдлын дагуу, мөн мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор холбогдох албаныхантай уулзаж буйгаа хэлж, байр суурийг нь сонссон юм. Нийслэл, дүүргийн удирдлагуудын зүгээс одоогоор төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1278 ТҮЦ-ийг нүүлгэж, 467 үлдсэн. ТҮЦ эрхлэгч иргэдэд сул байгаа 1698 ажлын байрнаас санал болгох, худалдааны төвүүдэд лангуу түрээслэж өгөх болон бусад саналуудыг тавьсан. Холбогдох хууль, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг мэдээллийг Комисст өгөв.
Уулзалтын төгсгөлд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ТҮЦ эрхлэгч иргэн бүртэй дахин уулзалт зохион байгуулж, худалдаа үйлчилгээ эрхлэх боломж, санал болгож буй ажлын байр, түрээсийн үйлчилгээний талаар тодорхой тайлбарлаж үр дүнтэй зөвшилцөх. Бусдын эд хөрөнгийг гэмтээж хохирол учруулахгүй байх, хүний эрхийг хүндэтгэсэн үйл ажиллагаа явуулах талаар Комиссын гишүүн зөвлөлөө.