Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээрт нэгдэх асуудлыг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж байна. Уг хэлэлцээрийн хүрээнд тамхины татварын 30 хувийг тэглэхээр болж буй. Үүнийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Г.Баярбаатар нар эсэргүүцэж буй талаараа мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Хүүхэд, залуусын дунд тамхины хэрэглээ өсөж байгаа. Гаалийн 2024 оны мэдээг аваад үзвэл тус онд 3.5 тэрбум янжуур тамхийг импортолсон байна. Үүнийг Монгол Улсын нийт хүн амд хувааж үзвэл нэг хүнд жилд 1000 ширхэг буюу 50 хайрцаг тамхи оногдож байна. Үүн дээр нэмээд ямар зохицуулалтгүй явж байгаа электрон тамхины асуудал бий. Манай улс 2024 онд 7.8 сая ширхэг электрон тамхи импортолсон байна. Одоогоор нийт тамхин бүтээгдэхүүнийхээ 35 хувийг Евроазийн түр хэлэлцээрт орж байгаа таван улсаас импортолдог. Тэдгээрийн гаалийн албан татварыг тэглэж байгаа нь зөвхөн тус 35 хувийн зах зээлийн асуудал биш. Учир нь манай улс голлон Казахстан болон БНСУ-аас тамхи импортолдог. Гэтэл БНСУ-аас манай руу тамхи импортолдог компани Казахстан улсад үйлдвэрээ барьж эхэлж байгаа. Энэ нь цаашид манай улсад орж ирж байгаа бүхий л тамхин бүтээгдэхүүн гаалийн татваргүй орж ирэх сөрөг үр дагавартай харагдаж байна" гэдгийг онцлов. Мөн УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Бусад улс гаалийн болон онцгой албан татвараараа тамхин бүтээгдэхүүнээс үүдэлтэй нийтийн эрүүл мэндээ хамгаалдаг. Энэ хэлэлцээр "Талхнаас хямд тамхины хэлэлцээр" шиг харагдаж байна. Учир нь манай улсын тамхины үнэ болон тамхины татвар хамгийн хямд байдаг. Гэтэл бусад улсууд гаалийн болон онцгой албан татвараараа тамхи, тамхин бүтээгдэхүүнээс үүдэлтэй нийтийн эрүүл мэндээ хамгаалж байдаг. Манай улс талхнаас хямд байгаа тамхийг гаалийн татваргүй оруулж ирвэл тамхины үнэ зайрмагаас ч хямд үнэтэй болно. Төр иргэддээ хор бэлдэж өгөх бодлогыг явуулах ёсгүй. Тамхины татварыг буулгавал оршуулгын газар л нэмэгддэг. Тамхины 30 хувийн татвараас улсын төсөвт жилд ₮68 тэрбум орж ирдэг. Энэ мөнгийг авч чадахгүй болно. Иймд УИХ Засгийн Газартаа энэ заалтыг хасах үүрэг даалгаврыг өгөх ёстой гэсэн байр суурьтай байна" гэв.