Урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд Н.Баяраа “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа. Тодруулбал, Индонезийн нийслэл Жакарт хотод буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 5-18-ны өдрүүдэд болж байгаа билээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Н.Баяраа урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд “Парис-2024” зуны олимпын наадмын эрхээ авлаа. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байна. Н.Баяраа Парисын олимпын эрх авчирсан Монгол Улсын найм дахь, Монголын буудлага спортын гурав дахь тамирчин болж байна. Өмнө нь буудлагаас урт бууны төрөлд О.Есүгэн, гар бууны төрөлд Э.Даваахүү нар олимпын эрхээ авсан юм.