ЗГХЭГ-ийн дарга Н.Учрал Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Төгрөг нуурын ордыг гаднын компаниудад зарсан тухай мэдэгдсэн. Тэрбээр 7 хоногийн хугацаанд энэ асуудлаа шийдэхгүй бол Засгийн газар хуулийн хүрээнд арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгдсэн байдаг. Эл хугацаа өнгөрсөн тул Төгрөг нуурын ордтой холбоотой Хонгконгын биржээс авсан 507 нүүр хуудас мэдээллийг ил болгов. ЗГХЭГ-ийн дарга Н.Учрал “Хэвлэл мэдээлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа Халтмаагийн Баттулга гуай “Минийх гэдгийг нотолж чадвал 100 хувь аваарай” гэсэн үгийг хэлсэн байна. Би хариуцлагатайгаар хэлье. Та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Та нотол гэсэн, би нотолж байна. Надад нэгдүгээрт, хөдлөшгүй нотлох баримтууд байна. Хоёрдугаарт, албан ёсны баталгаатай эх сурвалжууд байна. Гуравдугаарт, санхүүгийн болон хуулийн мэргэжилтнүүдийн дүн шинжилгээ байна. Баримт өөрөө ярьдаг гэдэг. Энэ материал дунд 2006 онд УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга 90 хувийг нь, Ядамсүрэнгийн Батсүх гэдэг иргэн 10 хувийг нь эзэмшиж байсан “CAMEX” ХХК нь Төгрөг нуурын ордыг 100 хувь эзэмшдэг болохыг нотолсон баримт энд байна. Үүний дараа Х.Баттулга нь өөрийн охин Б.Намуун, төрсөн эгч Х.Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлэн компаниас компани дамнасан, оффшороос оффшорт үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий үндэстэн дамнасан компаниудаар дамжуулан 250 сая ам.доллароор зарсныг Хонгконгын хөрөнгийн биржид бүртгэлтэй 00402 хувьцааны код бүхий “Ming Нing Waterworks Limited” компанийн Хонгконгийн бирж дээр байгаа 507 нүүр хуудас баримт энд байна. Энэ нь албан ёсны баримт бөгөөд хэлцэлийн нөхцөл, үнэлгээ, төлбөрийн бүтцүүд, хувьцаа, өрийн бичиг, хөрвөх цаас, эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлт, Төгрөг нуурын ордын нөөцийн тооцоо, ТЭЗҮ зэрэг мэдээллийн нарийвчлан агуулсан нотлох баримтууд юм” гэлээ.