УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Сейфнээс нь 7.5 тэрбум төгрөг гарсан С.Батдөл гэж нөхөр ШШГЕГ-ын харьяа Богд уулан дахь амралтын газар ялаа эдэлж байгаа юм билээ. Засгийн газар яаж ажиллаад байгаа юм бэ. Тэгэхээр түүнийг амралтын газар амрааж байгаа сайд байна гэсэн үг" хэмээсэн байдаг. Энэ талаар ШШГЕГ-ын дарга Б.Нандинболороос тодруулахад С.Батдөл одоогоор 409-р хорих ангид ялаа эдэлж байгаа гэдгийг хэллээ. Өнгөрсөн есдүгээр сард “Төр хурх”-ын амралтын газар нэг сар гаруй хугацаанд галчаар ажилласан байна. ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор "ШШГЕГ-ын 409-р хорих ангид С.Батдөл ялаа эдэлж байгаа. Гурван шатны шүүхээс 7 жил 4 сарын хорих ял авсан. БЗД-ын товчоо өнгөрөөд Ногоон зоорийн дэнж дээр байдаг хорих ангид одоогоор ялаа эдэлж байна. Өмнө нь 2024 оны есдүгээр сараас "Төр Хурх"-ын амралтын газрын аж ахуйн хэсэгт галчаар ажилласан. Хүйтний улирал эхэлдэг учир дөрвөн хоригдол харуул хамгаалалтын ажилтнуудын хяналтан дор галч хийсэн. Амралт биш, манай өндөр настан, ахмадуудаа, ажилтнуудаа амрааж сувилдаг аж ахуйн газар гэж явдаг. Хуулиар хориглосон зүйл байхгүй. Аль ч хоригдлыг тэнд ажиллуулж болно. Ингэхдээ тэргүүн дэд даргын ахалсан хорих ял эдлүүлэх албаны зөвлөлөөр хэлэлцэж хуваарилалтыг хийдэг. Ингээд прокуророос зөвшөөрөл авч гаргадаг. С.Батдөл нэг сар 20 хоногийн хугацаанд галч хийгээд буцаад хорих анги руугаа шилжсэн" хэмээлээ.