Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. Өнгөрсөн даваа гарагт болсон УИХ-ын чуулганы хуралдааны үеэр тэрбээр Төгрөг нуурын ордыг Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга гадны компаниудад зарсан тухай мэдэгдсэн. Тэрбээр 7 хоногийн хугацаанд энэ асуудлаа шийдэхгүй бол Засгийн газар хуулийн хүрээнд арга хэмжээ авах болно гэдгийг мэдэгдлээ. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "ДНБ-ний таван хувиас дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, нийгэм эдийн засгийн хувьд томоохон нөлөөтэй ордуудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосноороо иргэний хадгаламж өсөх Баялгийн сангийн хуультай болсон. Үүнийг төсөвт хуваарилахгүй. Энэ ногдол ашиг зөвхөн иргэн рүү очих ёстой. 39 ордод Төгрөг нуурын орд хамаардаг. Төгрөг нуурын ордыг 1983 оноос хойш хайгуулыг нь хийгээд нөөцийг нь тодорхойлсон. Ер нь 3.1 тэрбум тоннын нөөц байна гэдэг судалгаа гарсан байдаг. Үүнд олон компани үйл ажиллагаа явуулж, хайгуул хийж нөөцийг нь тодорхойлсоор ирсэн. Миний УИХ-ын чуулган дээр ярьж байгаа асуудал үнэн. Энэ ордод "Төгрөг энержи" компани 4 лиценз эзэмшдэг. УИХ-ын гишүүн, Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан Баттулга гуайд хандаж хэлье. Та бол стратегийн 39 ордод хамаардаг Төгрөг нуурын ордыг зарсан нь үнэн. Ингэхдээ Виржиний арал, Сингапур, ХонгКонгод бүртгэлтэй хэд хэдэн компанийг оролцуулж үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж, 250 сая ам.доллароор зарсан чинь үнэн. Дээр нь та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нь үнэн. Мөн "баялгийг иргэддээ өгье, байгалийн баялагтаа эзэн болъё" гэж ярьж яваа нь бас үнэн. Би Баялгийн сангийн хөрөнгийн ажлын хэсгийн ахлагчын хувьд та өөрийн хутгасан энэ асуудлыг нэг талд нь гаргаж, энэ олон компаниудтай өөрөө учир холбогдлоо олж, асуудлыг шийдэх 7 хоногийн хугацаа өгч байна. Энэ хугацаанд шийдэж чадахгүй бол Засгийн газар хуулийн хүрээнд дараагийн арга хэмжээг авна" гэлээ.