Монголын Морин спорт, уяачдын холбооноос мэдээлэл хийлээ. Монголын Морин спорт, уяачдын холбооны төлөөлөл "Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор хэвлэлийн хурал зарлаж байна. Харвын хурдан морины уралдааныг сэргээх хүсэлтийг бидэнд холбогдох газрууд өгсөн. Уг хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт хүсэлтээ хүргүүлсэн. Үндсэндээ дөрвөн том асуудлыг дэвшүүлсэн. Нэгдүгээрт, уралдаанч хүүхдийнхээ аюулгүй байдлыг шинэчлэх хангах асуудлыг дэвшүүлсэн. Хоёрдугаарт, хаврын хурдан морины уралдааны онцлогтой нь уялдуулж, замын стандартыг шинэчлэх саналыг тавьсан. Гуравдугаарт, уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, боловсролыг анхаарч төр засагтай хамтрах ажиллая гэдэг хүсэлтийг хүргүүлсэн. Мэдээж бид цаг агаарын байдлыг харгалзаж, таатай цаг үед уралдаанаа зохион байгуулна. Цас, зудтай байгаа аймгуудад хурдан морьны уралдаан зохион байгуулах шаардлага байхгүй. Хавар болоод, гадаа нэмэх грудустай болж дулаарсны дараа уралдаан зохион байгуулах гол саналаа дэвшүүлсэн. 2025 оны нэгдүгээр сарын 29-ны Засгийн газрын хуралдаанаар хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газарт шилжүүлсэн. Ингэхдээ 12-оос дээш насны хүүхэд унахаар шийдвэрлэсэн. Харамсалтай нь шийдвэр албажиж гарахдаа хаврын морин уралдааныг зохион байгуулахдаа 18-аас дээш насны хүнээр унуул гэдэг шийдвэр гарсан. Монголын Морин спорт, уяачдын холбоо үндэсний өв соёлоо авч явж байгаа холбооны хувьд 18 наснаас дээш насны хүн унасан хурдан морины ямар ч уралдаан зохион байгуулахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Бидний энэ шийдвэр нийслэл болон 21 аймагт хэрэгжинэ. Олон улсын байгууллагаас Засгийн газарт жилийн турш 18 наснаас дээш насны хүнээр унуулсан хурдан морьны уралдаан зохион байгуулах шаардлагыг өгсөн. Бид хурдан морьны уралдааныг олон жил хүүхдээр унуулж ирсэн. Цаашдаа энэ байдал үргэлжилбэл наадмаар ч хүүхдээрээ морио унуулж чадахгүй, үндэсний баяр наадмаа зохион байгуулж чадахгүйд хүрэх нь.
Монголын Морин спорт, уяачдын холбоо 2025 оны хүүхдийн эрхийг хамгаалах жил болгон зарласан. Үндэсний өв соёлоо аварч үлдэхийн тулд олон улсаас тавьж буй шаардлагыг биелүүлж ажиллана. Засгийн газар хаврын морин уралдаанд 18-аас дээш насны уралдаанчаар унуулах шийдвэр гаргасан нь ямар ч судалгаа, тооцоололгүй шийдвэр учраас өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Уяачид хүүхдийн эрхийг өв соёлоос дор үзсэн мэт ойлголт төрүүлэх мэдээлэл цахим сүлжээнд тарж байна. Монгол Улсын Засгийн газар өв соёлын хагаралдаан үүсгэж байна” гэлээ.