Угаартаж амь насаа алдсан зургаан хүн болон гэр бүлээсээ ганцаараа үлдсэн хүүгийн эрхийг ноцтой зөрчсөн асуудалтай холбогдуулж ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө. Тэрээр "Юуны тэргүүнд нэгдүгээр сарын 23-ны шөнө болсон үйл явдлын улмаас эрдэнэт хүний амь эрсэдсэнд ар гэр, төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлье. О.Одбаяр нь албаа үлгэр жишээ хааж байсан, сайн дайчин байлдагч. Ийм учраас Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна. Өчигдөр 21:00 цагийн үед хохирогчдын хувийн эмзэг мэдээллийг агуулсан, хүн харахад цагдаагийн байгууллагын илтгэх хуудас, рабарт хэлбэрээр бичигдсэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараасан. Энэ асуудал хохирогчийн хувийн мэдээллээс гадна Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчсөн. Энэ нь эрүүгийн гэмт хэрэг болно. Үүнээс гадна Эрүүгийн хуулийн 13.10, 13.11 дүгээр зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай. Мөн албан тушаалын эрх мэдлээ ашиглаж мэдээлэл задруулсан бол ялыг хүндрүүлж, 5 хүртэлх жилийн хорих ялтай. Хэрвээ эрх мэдлээ ашиглаж мэдээлэл задруулсан бол хувь албан хаагчаас гадна удирдлагуудад нь хариуцлага тооцно.
Мэдээлэл хийсэн хүүг Цагдаагийн байгууллага хамгаална. Зохих тусламж дэмжлэг үзүүлнэ. Зарим мэдээлэл нь цагдаагийн байгууллагад байхгүй мэдээлэл байсан. О.Одбаярын ээж талийгаач архины хамааралгүй байсан. Байлдагч өөрөө сахилгын зөрчилгүй, хугацаат цэргийн албыг нэр төртэй хааж байсан. Хохирогчийн хүү цэрэгт алба хааж байсан учир хохирогчоор тогтоож, мэдүүлэг аваагүй. Одоо албан ёсоор хохирогчийн үүднээс мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлнэ. Хүүгийн хувьд хариуцлагатай алба хаагч байсан. Хил дээр алба хааж байсан учир Улаанбаатарт ирсэн хойно нь хэргийн талаар мэдээлсэн" гэлээ.