Булган аймагт Нэг жуулчинд нэг хонь хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд Булган аймагт 2024 оны анхны аялагчид болох БНСУ-ын зургаан жуулчин хүрэлцэн ирж, Булган сумын 2-р багийн малчин Бавуудоржийн Цогтгэрэлийн хот айлаар зочилсон байна. Нутгийн малчин алс холоос хоньтой болохоор Монгол орныг зорин ирсэн зургаан жуулчинд тус бүр хундан цагаан эм хонийг бэлэглэн өгчээ. Хоньтой болсон жуулчид хүсвэл хонио гарган төхөөрөх, эсвэл хот айлдаа үлдээн өвс тэжээлээр нь ханган тэжээж, өсөн үржихийг нь бэлэн үүссэн “1 жуулчинд-1 хонь” аппликэйшнээр тогтмол харах боломжтой цахим харилцааг малчидтай үүсгэсэн байна.
Ийнхүү “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийн хүрээнд эхний жуулчид хоньтой боллоо. Тун удахгүй 100 гаруй сая дагагчтай дөрвөн инфлюенсер Монголын өвлийн аялал жуулчлалыг дэлхийд сурталчилахаар Булган аймагт хүрэлцэн ирэх юм байна. Тэд энэ сарын 9-нд Улаанбаатар хотод буух аж.