Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНТУ-ын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар албан ёсны хэлэлцээ хийж цаашид харилцааны түвшнийг ахиулан хамтын ажиллагааны бүхий л салбарт үр дүнтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа нотоллоо.
Тухайлбал, хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг тэлж, эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон байгаль орчин, эрүүл мэнд, соёл, боловсрол, спорт, аялал жуулчлал, зам тээвэр, онцгой байдал, гамшгаас хамгаалах салбарт идэвхтэй хамтран ажиллана.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний хомсдол зэрэг дэлхий дахинд тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах олон улсын хүч чармайлтад хамтын хувь нэмрээ оруулж, хоёр улсын дэвшүүлсэн санаачилга, зорилтуудыг уялдуулан, үр дүнтэй хамтран ажиллах талаар ярилцав.
Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хоёр улс болон Засгийн газар, байгууллага хоорондын нийт 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.
“Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд стратегийн түншлэл тогтоосон тухай Хамтарсан тунхаглал”-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар гарын үсэг зурлаа.
Хоёр улс 2004 оноос Иж бүрэн түншлэлийн түвшинд харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн бөгөөд төрийн айлчлалын үеэр харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ. Ингэснээр манай улс есөн улстай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоолоо.