УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Оюундарийг томиллоо. Н.Оюундарь нь Сэрүүлэг дээд сургуулийг бизнесийн удирдлагаар төгссөн. Улмаар Нидерландын Вант Улсын Маастрихын их сургуулийг бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр магистр хамгаалсан. Ажлын гараагаа 1995 онд Монголын үндэсний бүтээмжийн төвөөс эхэлж, Байгаль орчны яам, НҮБ зэрэгт ажиллаж байсан ажлын туршлагатай. Мөн Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байжээ. Улстөрийн хувьд 2008-2014 онд НИТХ-д МАН-аас нэр дэвшин сонгогдон Сүхбаатар дүүргийг төлөөлж байв. Ингээд Сэлэнгэ аймгаас сонгогдон 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан байдаг. Энэ үеэрээ ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан гэдэг нь олон нийтэд ил болсон. Тодруулбал, түүний 80 хувийг нь эзэмшдэг “Red star club” компани ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авч, уг асуудал ил болсны дараа хугацаанаас нь өмнө барагдуулж байв. Харин тухайн үеийн МАН-ын дарга, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас зээл авсан намын гишүүдээ 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдэж байлаа. Уг мэдэгдэлтэй холбоотой эсэх нь тодорхойгүй ч Н.Оюундарь 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас “мултарсан” байдаг. Уг нь 2016 оны сонгуульд Сангийн сайд асан С.Баярцогтыг үнэмлэхүй ялсан түүний нэр горилогчдын тоонд яригдаж байлаа.
Товчхондоо, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЖДҮХС-гийн зээлд нэр холбогдсон намын гишүүдээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдэж байсан бол тэдний нэгийг Элчин сайдаар томилуулах санал гаргалаа. УИХ-ын чуулганы хуралдаанаар уг саналыг хүлээн авснаар Н.Оюундарь Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдов.