Утаа Улаанбаатарын асуудал биш…

73
0
3 өдрийн өмнө
Утаа Улаанбаатарын асуудал биш…

Утаа зөвхөн Улаанбаатарын асуудал биш Монгол Улсын 21 аймаг, цаашлаад 330 сумын асуудал болж буй. Утаатай салхи л тэмцэж байна гэдэг шиг газар зүйн байрлал, хүн амын бөөгнөрөл зэргээс шалтгаалж, аз нь таарсан аймаг, сумдад агаарын бохирдол бага байна гэвэл хилсдэхгүй.

Тухайлбал, Монгол Улсын их сургуулиас өнгөрсөн арванхоёрдугаар сарын 13-ны өдөр агаарын чанарт хийсэн хэмжилтээр Чойбалсан хотод 20 буюу цэвэр, Улаанбаатар хотын төвд 207 буюу бага зэргийн бохирдолтой гэж байв. Харин Ховд хотод агаарын чанарын индекс 1540 буюу маш их бохирдолтой байна гэдэг хэмжилтийн мэдээллийг өгч байлаа.  / Дүрс бичлэгийг эндээс үзнэ үү / Ер нь аймаг, сумдын төвийн агаарын бохирдол энэ мэтээр нийслэлээс дутахгүй болсон гэдэг өөрөө шинэ мэдээ биш. Мэргэжлийн хүмүүс нь хэлж буй. Харин Засгийн газар үүнийг орхигдуулахгүй шийдлээ ярих ёстой. Гэвч Засгийн газар энэ жил орон нутгийн утааны талаар хэлэлцэх нь байтугай, дурдсангүй. Жишээ нь, Улсын онцгой комисс хэд хоногийн өмнө хуралдаж, утааны асуудлыг хэлэлцсэн ч агаарын бохирдол ихтэй сум, суурингийн асуудал яригдсангүй. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-нд Засгийн газрын тогтоолоор “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-г дахин байгуулсан. Байгаль орчин, уур амьсгалын сайдын дэргэд байгуулагдсан тус хорооноос одоогоор “аймгуудтай хамтарч ажиллана” гэдгээс өөрөөр орон нутгийн иргэд рүү чиглэсэн шийдэл яригдаагүй байна.

Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрт ажиллах үеэрээ Улаанбаатарын утаа, түгжрэлийг бууруулахын төлөө ковидын үе шиг амралтгүй ажиллахаа мэдэгдсэн. Нийслэлийн агаарын бохирдол Монгол Улсын нэн яаралтай шийдэх ёстой асуудлын нэг мөн үү, гэвэл яах аргагүй мөн. Гэхдээ нөгөө талд сайжруулсан шахмал түлшний хэлтэрхий ч хүртэх эрхгүй орон нутгийн иргэд түүхий нүүрсээ түлсээр, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та ганц нийслэл Улаанбаатар хотын сайд биш, Монгол Улсын Ерөнхий сайд гэдгээ санаж орон нутгийн иргэд рүүгээ анхаарлаа хандуулна уу. Утаатай аймаг, сумдын иргэдийн төлөө ковидын үе шиг амралтгүй ажилла гэхгүй ч хуулийн дагуу ижил тэгш хандана уу. Утаа зөвхөн Улаанбаатарын тулгамдсан асуудал биш гэдгийг танд дахин сануулья.

 

 

 

 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334