П.Сайнзориг тэргүүтэй УИХ-ын гишүүд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барьсан. Гэвч олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсантай холбогдуулан уг хуулийн төслөө буцаан татаж байгаа талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл "Олон нийтэд хуулийн судалгаа, үндэслэл тооцооллоо бүрэн хүргэж чадаагүй шүүмжлэл дагуулж байгаа учир "Гадаадаас авах ажиллах хүчний тоог хязгааргүй болгох тухай хуулийн төсөл"-өө эргүүлэн татаж байна. Гэхдээ энэ асуудлыг улам судалж, үндэслэл тооцооллоо нарийн гаргах болно. Нэг, хоёр улсын иргэнийг оруулж ирэн, эх орноо эзлүүлэх гэж байгаа юм шиг ойлголт, төөрөгдлийг өгч байна. Энэ бол худлаа. Энэ хуулийн ард захиалагч байхгүй. Бид эх орноо хөгжөөсэй, бүтээн байгуулалт урагшаа яваасай гэж хүсэж энэ хуулийн төслийг өргөн барьсан" гэлээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдэж байна. Цаашдаа хувийн хэвшилтэй ойрхон ажиллаж, ажил олгогчдод тулгамдсан асуудлуудад анхаарч ажиллах болно. Эдийн засгийг тэлэхэд анхаарч ажиллана. Мөн монгол залуучуудыг ажлын байраар хангахад юу дутагдаж байгааг судлан шийдвэрлэх арга замыг хайна. Эцсийн дүндээ Монгол Улсад томоохон бүтээн байгуулалт хийхэд төсөв мөнгийг нь шийдэж байгаа боловч ажиллах хүч тулгамдсан асуудал болж байгаа. Үүнээс болоод хувийн хэвшил алдагдалд ордог, төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажил хойшилдог. Ажиллах хүчинтэй холбоотой хууль зүйн хариуцлагын асуудал орхигдсон. Тиймээс хувийн ААН-ээ дэмжсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллах болно. Ингээд дээрх гурван хуулийн төслөө татан авч байгааг мэдэгдье" хэмээлээ.