Стандарт, хэмжил зүйн газраас “Нарантуул” захын “Баялаг-Ундраа” болон "Баянзүрх" худалдааны төвд Түүхий махны эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлт болон тээвэрлэлт, хадгалалт, худалдааны агуулах, лангуу нь холбогдох стандарт, техникийн зохицуулалт болон эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаж буй эсэхийг газар дээр нь хяналт, шалгалт хийлээ. Хяналт, шалгалт, зөвлөмжийг Шадар сайдын ажлын алба, Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторитой хамтран хийсэн юм. Энэ үеэр Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатараас хяналт шалгалтын явцын талаар тодрууллаа.
-Өнөөдрийн хамтарсан шалгалтыг ямар чиглэлээр хийж байгаа вэ?
-Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы өгсөн чиглэлийн дагуу томоохон зах, худалдааны төвүүдэд ажиллаж байна. Одоогийн байдлаар хоёр зах, худалдааны төвд шалгалт хийлээ. Бид гурван үндсэн чиглэлээр шалгалт ажиллаж байна. Нэгдүгээрт, Монгол хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй, тэр хүрээнд худалдааны төвүүдэд худалдаалагдаж байгаа мах Засгийн газраас гаргасан махны техникийн зохицуулалтын шаардлагыг хангаж байна уу гэдгийг үзэж байна. Хоёрдугаарт, итгэмжлэлийн баталгаажсан лабораториор махныхаа шинжилгээг хийлгэж чадаж байна уу гэдэг асуудлыг шалгаж байна. Гуравдугаарт, баталгаатай жин, хэмжүүрээр үзэж байна уу гэдгийг шалгаж байна.
-Өмнө нь энэ төрлийг шалгалтыг хийж байсан уу?
-Хамтарсан ажлын хэсэг байгуулснаараа энэ удаагийн шалгалт онцлог юм. Үндэсний итгэмжлэлийн төв, Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторитай хамтарч хийж байна. Өмнө нь ийм шалгалт хийж байгаагүй. Өвлийн идэшний үе эхэлж, махны нийлүүлэлт нэмэгдэж байгаа үед хийж буй гэдгээрээ онцлог юм. Бид өнгөрсөн долоо хоногт “Амгалан” худалдааны төвд ажилласан. Холбогдох чиглэлийн дагуу бүх махнаас дээж авч шалгасан. Энэ үеэр итгэмжлэгдсэн лабораториор шалгуулж байна уу гэдэг асуудал хөндөгдсөн. Тухайн захад үйл ажиллагаа явуулж байгаа лаборатори Үндэсний итгэмжлэлийн төвөөр баталгаажсан байх ёстой. Гэтэл итгэмжлэл хийгдээгүй байсан. Мөн бид 60 гаруй жин хэмжүүрт баталгаажуулалт хийлээ. Уг нь Стандарт, хэмжил зүйн газрын улсын байцаагч нар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-ны өдөр баталгаажуулалт хийсэн байдаг. Нэг сар гаруйн дараа очиход лац гэмтсэн, буруу зааж байгаа жин хэмжүүрийн асуудлууд гарсан. Холбогдох чиглэлийн дагуу зөрчлийг арилгуулж байна. Жин хэмжүүрийн асуудал гэдэг өөрөө маш чухал. Хэрэв жингийн алдагдалтай байвал тухайн үйлчилгээ эрхлэгч алдагдал хүлээнэ. Хэрэв их заавал иргэдээс ашиг олно гэсэн үг. Энэ бол маш том асуудал.
-Жимс, хүнсний ногоонд пестицидийн үлдэгдлийг явуулын лобараториор шалгаж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Шадар сайд С.Амарсайхан Стандарт, хэмжил зүйн газрын томоохон хөрөнгө оруулалтыг шийдэж өгсөн. Бид энэ онд пестицидийн үлдэгдлийг бүрэн үзэж чадах тоног төхөөрөмжтэй болсон. Өнөөдөр “Баялаг-Ундраа” худалдааны төвд ажиллаж, таван төрлийн жимс, хүнсний ногооноос дээж авч байна. Манай стандартаар 167 төрлийн пестицидийн үлдэгдэл байдаг. Харин бид энэ тоног төхөөрөмжийг хэрэглэж эхэлснээр 200 гаруй төрлийн пестицидийн үлдэгдлийг үзэх боломжтой болж байна.