Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-наас эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 11-15 хүртэлх насны хүүхдүүдэд хийж эхэлсэн. Улсын хэмжээнд одоогийн байдлаар ХПВ-ийн халдварын эсрэг дархлаажуулалтад 16000 гаруй хүүхэд хамрагдсан байна. Тэдний 50 хувь нь нийслэлд, 50 хувь нь орон нутаг дахь сурагчид хамрагджээ. Дархлаажуулалтад хамрагдсан хүүхдийн 0,7 хувьд тарьсан хэсэгт хөндүүрлэх, хавдах, халуурах шинж тэмдэг илэрч, 1-2 хоногт арилж байна. Дархлаажуулалт хэвийн үргэлжилж байна гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Улсын хэмжээнд 11 настай 78.622 хүүхэд дээрх вакцинд хамрагдах ёстой аж. Тодруулбал, дархлаажуулалтад 2013 онд төрсөн 11 настай охид, хөвгүүд нэг тунгаар хамрагдах юм. Хэрэв сургуульд суурилсан дархлаажуулалтаас хоцорвол харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хийлгэж болно гэдгийг албаныхан мэдээлж буй.
Мөн дархлаажуулалтыг зохион байгуулах өдөр эмч хүүхдийн биед үзлэг хийж үнэлэн вакцинд хамруулан, вакцин хийлгэсний дараа ажиглалтын өрөөнд 15-30 минут хянана.
ХПВ-ийн халдварын эсрэг вакцин нь бусад вакцины адил вакцин хийсний дараа тарьсан хэсэг газар хөндүүрлэх, хавдах, улайх, загатнах, хөхрөх, халуурах, толгой эргэх, дотор муухайрах, суулгах, бөөлжих зэрэг зовиур илэрч болох бөгөөд энэ нь өөрөө аяндаа арилна. Эдгээр шинж тэмдэг илэрсэнээр хүний дархлааны систем ажиллаж дархлаа тогтоно. Өөр бусад ямар нэгэн шинж тэмдэг гурваас дээш хоног илэрвэл харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид яаралтай хандахыг зөвлөж байна.