Прокурорын байгууллага 2024 оны арванхоёрдугаар сарын 02-ноос 06-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43949, мөрдөн байцаалтын 4202 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 324 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 145, Өмчлөх эрхийн эсрэг 84, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 74, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг долоо, Хүрээлэн байгаа орчны эсрэг зургаа, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр дөрвөн хэрэг байна.
Тухайлбал, Нийслэлийн прокурорын газраас иргэн Б.Б, О.О нар нь насанд хүрээгүй хүүхдийн эмзэг байдлыг далимдуулж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.