Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж, УИХ хүлээж авсан. Улмаар Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг дахин боловсруулж өргөн барихаар болсон билээ. Тэгвэл Засгийн газар өнөөдөр /2024.12.04/ хуралдаж, 2025 оны төсвийн зарлагыг танаж, дахин өргөн барихаар болжээ. Ингэхдээ төсвийн урсгал зардлаас “соёлын ваучер” гэх мэт 2,4 их наяд орчим төгрөгийг бууруулж өргөн барьж буй аж. Тодруулбал, олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан “соёлын ваучер”, кино урлаг дэмжих, сургалт, семинар, гадаад томилолт, тээврийн үйлчилгээ, Зөвлөл, хороо, комиссын гишүүдийн ажлын хөлс, Соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэгт төсөвлөсөн зардлыг танахаар санал оруулсан аж. Харин Хүүхдийн мөнгөн тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сан, хүүгийн төлбөр, цалингийн зардалд “гар хүрэхгүй” гэнэ. Мөн “Хавдар 2” төсөлд 7,9 тэрбум төгрөг зарцуулахаар нэмж тусгасан байна.
Зарлагаа бууруулж, дахин өргөн барьж буй төсвийн төслийг УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулсан бөгөөд өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар эцэслэж, УИХ-д өргөн барих аж.