Н.Эрдэнэхүү: Папиллома вирусийн эсрэг вакцин хавдраас гадна БЗХӨ-нөөс сэргийлдэг

54
0
1 сарын өмнө
Н.Эрдэнэхүү: Папиллома вирусийн эсрэг вакцин хавдраас гадна БЗХӨ-нөөс сэргийлдэг

Хүний папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг өнөөдрөөс /2024-11-28/ Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв хамтран зохион байгуулж байгаа талаар мэдээлэл өглөө. Ингэхдээ сургуульд суурилсан хэлбэрээр буюу ерөнхий боловсролын сургуулийн 11 насны хүүхдүүдийг хамруулах юм. Дархлаажуулалт арванхоёрдугаар сарын 5-ний өдрийг хүртэл үргэлжлэх аж. Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинжуулалтыг эцэг эх, асан хамгаалагчдад мэдээлэл хүргүүлэн, тэдний зөвшөөрлийг авсны үндсэн дээр хийнэ гэдгийг албаны хүмүүс хэлж байв. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскалант: 

-Өнгөрсөн 50 жилийн хугацаанд дэлхий даяар хэрэгжүүлж байгаа вакцинжуулалтаар багадаа 154 сая хүний амь насыг аварсан гэх тоо, мэдээлэл бидэнд байна. Хүний папиллома вирусийг үүсгэдэг олон янзын хавдар байдгийн 83 хувь нь умайн хүзүүнийх. Үүнээс сэргийлэх дархлаажуулалтад 11 настай охид, хөвгүүдийг хамруулж байгаа юм. 2002 онд ДЭМБ дэлхий нийтийн стратегийн баримт бичгийг батлахдаа нийгмийн эрүүл мэндийн ноцтой аюул болж байгаа хүний папиллома вирусийн халдвараас сэргийлэхийн тулд дархлаажуулалтын хөтөлбөртөө тусгахыг гишүүн орнуудад уриалсан. Улмаар 2030 онд гэхэд 15 настай охидын 90 хувийг дархлаажуулалтад хамруулах зорилт дэвшүүлсэн. 

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан:

-Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг нэвтрүүлэх ажил нь олон хүний хамтын ажиллагааны үр дүн юм. НҮБ-ын Хүүхдийн Сан чиг үүргийнхээ дагуу Монгол Улсын үндэсний дархлаажуулалтын товлол шинэчлэн батлагдсантай холбоотойгоор бусад вакцинуудын адилаар хүний папиллома вирусийн эсрэг вакцины худалдан авалт, нийлүүлэлтийг харилцаж, гүйцэтгэж ирлээ. Уг дархлаажуулалт нь хүний папиллома вирусээр үүсгэгддэг хавраас сэргийлэх маш хүчтэй хамгаалалт юм. Нэг удаагийн тарилга биш хүүхдийг насан туршид нь хамгаалах хүчтэй хэрэгсэл юм. Энэ вакцинд хамрагдах нь хавдаргүй ирээдүйг бий болгох хамгийн чухал арга мөнөөс мөн. НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ болон бусад олон улсын хамтрагч байгууллагуудтайгаа хамтраад вакцины тун тус бүрийг хамгийн өндөр шаардлагад нийцүүлэн тээвэрлэн, хадгалж, нийлүүлэлт хийсэн. Энэ вакцинд тавигддаг хэмийн хяналтыг хадгалахад маш их анхаарсан

ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү:

-Монгол Улсад умайн хүзүүний хавдрын эсрэг вакцин товлолтоор орж байгаад бид бүхэн маш их баяртай байна. Урьдчилан сэргийлэх боломжтой хавдруудаар дэлхийд тэргүүлж байгаа нь харамсалтай байдаг. Хүний папиллома вирусийн эсрэг вакцин нь зургаан төрлийн хавдраас сэргийлэх боломжтой. Мөн ганцхан хавдраас бус БЗХӨ-нөөс сэргийлдэг. Энэ вакцины үр дүнд жилд 400-500 орчим халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, 160 орчим нь нас барж байгаа. Энэ цаашид байхгүй байх боломжтой. Умайн хүзүүний хавдар эрт шатандаа илэрдэг. Үүний ачаар нас барагсдын тоо нь харьцангүй бага. 65.8 хувь нь 5-аас дээш жил амьдарч байгаа сайн үзүүлэлт байна. Вакцинжуулалтаа нэмчихвэл бидний ирээдүй энэ өвчнөөр өвдөхгүй байх боломжтой. 

 

 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334