Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг энэ сарын 22-нд өргөн барьсан. Төсвийн төслүүдэд ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг гурав дахин, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг тав дахин нэмэгдүүлэхээр тооцож тусгажээ. Тухайлбал, “Приус” авто машин эзэмшигч иргэн жилд албан татварт 108 мянган төгрөг, зам ашигласны төлбөрт 100 мянган төгрөг буюу нийтдээ 208 мянган төгрөг төлж замын хөдөлгөөнд оролцох нь. Харин "Лексус 570" автомашин эзэмшигч албан татварт 564300 төгрөг, зам ашигласны төлбөрт 250 мянган төгрөг буюу нийт 814300 төгрөг төлөх аж. Ингэснээр автомашинуудын татвар болон зам ашигласны төлбөрийн хэмжээ дараах байдлаар нэмэгдэх юм байна.
Албан татвар:
- “Приус” 36000-аас 108000₮,
- “Лексус 570” 188100-аас 564300₮,
- “Портер” 30000-аас 75000₮,
- “Ланд Круйзер 200” 151800-аас 455400₮.
Зам ашигласны төлбөр:
- 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20000-аас 100000₮,
- 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30000-аас150000₮,
- 4001 дээш моторын багтаамжтай машин 50000-аас 250000₮.
Албан татварын хэмжээг нэмэгдүүлснээр нийслэлийн авто замын санд төвлөрөх татварын орлогын эх үүсвэр 75.5 тэрбум, зам ашигланы төлбөрийг нэмэгдүүлснээр 80 тэрбум төгрөг нэмэгдэх юм байна.