Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр /2024.10.11/-ны 07:00 цагаас 20:00 цаг хүртэл үргэлжилж, өндөрлөлөө. Улсын хэмжээнд энэ удаагийн орон нутгийн сонгуульд 10 нам, нэг эвсэл болон бие даагч нар 8031 мандатын төлөө 17,278 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1,642 тойрог 6,922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай юм.
Нийт нэр дэвшигчдийн 5582 нь эмэгтэй нэр дэвшигч байгаа нь нийт нэр дэвшигчдийн 32.3 хувийг эзэлж байгаа бол 11,696 нь эрэгтэй нэр дэвшигч байгаа нь 67.7 хувийг эзэлж байна. Мөн нийт 268 нь бие даагч энэ удаагийн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо хамтран гаргасан дүн мэдээгээр улсын хэмжээнд нийтдээ 2 сая 246 мянган 164 хүн хүн саналаа өгөхөөр байгаа. Үүнээс 1 сая 146 мянга нь орон нутагт, 1 сая 100 мянга нь Улаанбаатар хотод саналаа өгөх бүртгэлтэй байсан юм.
Улсын хэмжээнд 20:00 цагийн байдлаар аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирц 53.1 хувьтай өндөрлөлөө. Харин нийслэл Улаанбаатар хотын хувьд 42.2 хувьтай байв.