Говийн өөрчлөлтийн түүчээ Цагаандэлгэрийн П.Бүрэнжаргал

123
0
23 өдрийн өмнө
Говийн өөрчлөлтийн түүчээ Цагаандэлгэрийн П.Бүрэнжаргал

Пүрэвийн Бүрэнжаргал хэмээх нас залуу ч туршлага арвин залууг Дундговийнхон тэр бүр таньж мэдээгүй байж магадгүй. Тэр өнгөрсөн хугацаанд мэдлэг, туршлагаа тэлж бүрэн хэмжээнд бэлтгэгдэх гээд завгүй хичээсэн, хөдөлмөрлөсөн. Олон нийтэд чиглэсэн нийгэмд тустай нөлөөллийн ажил, арга хэмжээг амжилттай удирдсан тэрээр “Мэдсэн сурснаа төрөлх нутгийнхаа төлөө зориулна” гэж зориглож яваа цөөн залуусын нэг. Хотод хоргодох биш хөдөөг хөгжүүлэхэд үеийнхнээ түүчээлж яваа гэж хэлж болно.

Харин Бүрэнжаргалын аав аймгийн сайн малчин Пүрэвийг нутаг усныхан андахгүй. Аав Дэрэнгийн уугуул. Ээж сумандаа насаараа хүний бага эмчээр ажилласан. Түүний аав, ээж, ах дүү нар цөмөөрөө сум орон нутагтаа суурьшин амьдарч байна.  Манай нийтлэлийн эзэн Бүрэнжаргал Цагаандэлгэр сумандаа өссөн. Ийм нэг энгийн хөдөлмөрч гэр бүлээс гаралтай хүү улс төрд хөл тавьж, нутаг орныхоо төлөө сэтгэл чилээж, хүлгийн жолоо залаад буй.

Салбартаа цахиур хагалсан нь: 22 НАСТАЙ ЗАХИРАЛ

П.Бүрэнжаргал сумандаа дунд сургууль, аймагт арван жилээ дүүргээд нийслэл хүрээг зорихдоо “Сэрүүлэг” дээд сургуулийн оюутан болжээ. Тухайн үед малчны нэг хүүхдийг төрөөс үнэ төлбөргүй сургах тэтгэлгээр бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлийг эзэмшихдээ нэгдүгээр курсаасаа ажил хөдөлмөрийн “амт”-ыг мэдэрч, төгсөх жилээ санхүүгийн программ хийдэг “Интерактив” компанид ажилд оров. Хичээлийнхээ хажуугаар санхүүгийн бүртгэлийн мэргэжилтэн хийж байгууллагууд дээр очиж сургалт орж программаа суулгана, алдаа гарвал очиж засдаг завгүй оюутан байж. Ингээд хоёр жилийн дараа гурван найз нийлж “Прософт” компаниа байгуулснаар 22 настайдаа компанийн захирал боллоо. Тэд харилцагчдыг хэрхэн татаж байсан талаараа П.Бүрэнжаргал “Хамгийн анх алдаа гардаггүй санхүүгийн программ хийж үзмээр санагдаад найзуудтайгаа эхэлсэн. Гурвуулаа нийлээд санхүүгийн программ зохиож эхэлснээс хойш 17 жил өнгөрсөн байна. Биднийг эхэлж байхад санхүүгийн программ түгээмэл байсан ч нэг л загвартай, алдаа дутагдал багагүй гардаг байв. Харин бид гадны хэд хэдэн системийг судалж байгаад Сангийн яамны стандартад нийцүүлээд тухайн үедээ нэлээн шинэлэг шийдлийг бий болгосон л доо. 20 гаруй настай хоёр залуу очоод программаа танилцуулахад үндэсний хэмжээний томоохон групп компаниуд шууд итгээд авах хэцүү. Яагаад биднийг сонгосон бэ гэвэл манай санал болгож буй санхүүгийн систем үнэхээр шинэлэг байж чадсан. Анх танилцуулга, сургалт, суурилуулалт, гэрээ, шинэчлэл гээд бүгдийг нь өөрөө явж хийнэ. Тэгэхээр нөгөө байгууллага маань гайхаад танай компани хэдэн хүнтэй вэ, чи бүх ажлаа хийх юм гэж асуудаг байлаа. Петровис группын салбар компаниудаас эхлээд Монголын цахилгаан холбооны 21 аймаг дахь салбаруудад 2009 онд суурилуулсан программыг өнөөдрийг хүртэл 15 жил ашиглаж байна” гэв.  Өнгөрсөн хугацаанд “Прософт” компани санхүүгийн программаас гадна зочид буудал, зоогийн газрын системийг тун амжилттай нэвтрүүлэв. Цахилгаан түгээх сүлжээний техник ашиглалтын програмыг хийсэн нь Монголд анхдагч болж байжээ. Олон хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, аж ахуйн нэгж байгууллагуудад эдийн засгийн бодит хэмнэлт үр өгөөжийг авчирсан энэ том ухаалаг систем, хөдөлмөрч баг хамт олны ард үүсгэн байгуулагчдын нэг П.Бүрэнжаргалын хөдөлмөр, зүтгэл байгаа нь лав. Тэд цар тахлын үеийн бэрхшээлийг амжилттай даван туулж одоо технологийн шинэчлэл хийхээр ажиллаж байгаа аж.

Оюутан байхдаа санхүүгийн программ хийдэг “Интерактив” компанид ажилд оров.

22 настайдаа гурван найз нийлж Прософт компаниа байгуулсан үе

Нийгмийн нөлөөлөл: САЛБАРЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

П.Бүрэнжаргалын идэвх зүтгэл, манлайлалд суралцсан он жилүүд бол олон улсын JCI байгууллага.  Тэрээр 2011 онд анх гишүүнээр элсэж арван жилийн дараа ерөнхийлөгчөөр сонгогдов. JCI бол олон улсын гэдэг утгаараа соёл хариуцлага, нийгмийн идэвх, оролцооны нэлээн өндөр босготой. Тэр хэрээр гадаад, дотоодын томоохон арга хэмжээ сургалтад хамруулж хувь хүний хөгжлийг дээд зэргээр дэмждэг учраас JCI байгууллагыг мэдэхгүй хүн ховор. Мөн энэ байгууллагаар дамжин бэлтгэгдэж суралцсан улс төрд амжилттай яваа эрхмүүд одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс эхлээд олныг дурдаж болно. Дэлхийн олон улсад салбартай нэр хүндтэй JCI байгууллагын Улаанбаатар салбарын ерөнхийлөгчөөр 2021 онд ковид цар тахалтай, сорилттой жил ажилласан. Энэ хугацаанд Солонгос, Тайван, Япон зэрэг гадаадын хамтын ажиллагаатай 6 салбартай хил хаалттай байсан харилцаагаа хадгалж авч үлдэх төсөл арга хэмжээг амжилттай хэрэгжүүлжээ. Тэрбээр “JCI хувь хүн талаас нь хүнийг маш сайн хөгжүүлж бэлтгэдэг. Мөн нийгэмд үйлчлэх сэтгэлгээ, хандлагыг суулгаж төлөвшүүлж өгдөг. JCI-ийн тодорхой албан тушаалуудыг шат дараатай хашиж, ажлаа үнэлүүлж байж ерөнхийлөгч хийх боломж нээгддэг. Дотроо нэлээн өрсөлдөөнтэй. Төсөв мөнгө, хандив босгож нийгэмд чиглэсэн олон төсөл хийдэг. Жишээлбэл, JCI Улаанбаатар салбартаа төсөл хариуцан ажиллаж байхдаа анхны түргэн тусламжийн төслийг эхлүүлж байлаа. Түргэн тусламжийн 103 утас завгүй, замын түгжрэлтэй холбоотойгоор ачаалал их байдаг. Өргөн уудам газар нутагтай манай улсын хувьд түргэн тусламжийн үйлчилгээ авахад хүндрэлтэй учраас анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг иргэн бүр эзэмшчихвэл хайртай дотны хүмүүсээ аврах боломж байдаг. Анхны түргэн тусламжийг хугацаа алдахгүй үзүүлэх нь эрсдлийг 50 хүртэлх хувиар бууруулдаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Сургууль, цэцэрлэгийн багш нарт анхны түргэн тусламжийн хичээл орох байдлаар дараа дараагийн жилүүдэд үргэлжлээд, нэг цэцэрлэгийн багш ангийнхаа хүүхдийн амийг аврах тусламж үзүүлсэн тохиолдол гарч байсан” гэв.

Дэлхийн олон улсад салбартай нэр хүндтэй JCI байгууллагын Улаанбаатар салбарын ерөнхийлөгчөөр 2021 онд ковид цар тахалтай, сорилттой жил ажилласан.

Өөрчлөлтийн салхи: ИРСЭН, БУЦСАН, ИРСЭН....

Ийнхүү 20 гаруйхан насандаа өөрийн гэсэн компаниа байгуулж аж ахуйн нэгж байгууллага болоод цаашилбал улс орондоо хэрэгтэй ажлуудыг санаачилж хийж хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлийн зовлон жаргалыг мэдэрч туулсаар өнөөдрийг хүрчээ. Мөн 30 гаруй насандаа олон улсын нэр хүндтэй, хариуцлага өндөртэй байгууллагад гишүүнээр элсээд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Энэ хугацаанд нийгэмд чиглэсэн нөлөөллийн ажлыг цөөнгүй санаачилжээ. Аливаа ажлын ард гарч байж санаа амардаг нь түүний бас нэг зарчим. Харин энэ бүх хугацаанд хуримтлуулсан туршлага, мэдлэг, чадвараа төрөлх нутгийнхаа хөгжилд зориулья гэж зориглоод хүлгийн жолоо залсан нь 2020 он байв. Улаанбаатарын хөгжлийн төлөө санаа зовох хүн цөөдөөгүй. Харин орон нутаг бол огт өөр. Тиймээс төрж өссөн нутаг, сумаа өөрчилье гэж шийдсэн хэрэг. Гэвч санаж зорьж очоод урам хугарч буцсан удаа түүнд бий. Анх дөрвөн жилийн өмнө аймаг, сумын иргэдийн төлөөлөгчөөр нэр дэвшихэд ямар боловсрол, туршлагатай, юу хийх вэ гэхээс илүү юун “шинэ” залуу гараад ирэв, гэнэт нутгаа санаж гэх зэрэг сөрөг пи-ар эрчимтэй явжээ. Нутаг орны зарим хүмүүс ч үүнд итгэж эргэлзсэнд залуу хүний урам хугарч улс төрийн өрсөлдөөнд ялагдсан ч хөдөөг хөгжүүлэх сэтгэл нь шантарч унтарсангүй. Харин ч орон нутаг руу чиглэсэн олон нийтийн ажилд идэвхтэй оролцож цаг хугацаа боломжоо зориулсаар 2022 онд сумынхаа МАН-ын даргаар сонгогдож дараа жил нь Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга болжээ.

2024 онд Монгол Ардын Намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтаны улсын зөвлөгөөн 21 аймаг, 9 дүүргийн 3200 гаруй төлөөлөгчтэй зохион байгуулагдаж, тус зөвлөгөөний үеэр 330 сумаас “Улсын тэргүүний анхан шатны байгууллага”-аар 21 сум шалгаруулсан бөгөөд Дундговь аймгаас Цагаандэлгэр сум шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авсан юм. Энэхүү шагнал нь өнгөрсөн хугацаанд хичээн зүтгэсэн эрхэм журмын нөхөд гишүүд, дэмжигчдийн үйл ажиллагааны идэвх оролцоог үнэлсэн үйл явдал боллоо. Улмаар 2024 онд аймгийн намын хорооны тэргүүлэгч болж дахин Цагаандэлгэр сумаас ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Нэр дэвших, нутагтаа ирсэн, буцсан ч дахиад л ирсэн тухайгаа “Хотод асуудал их бий. Шийдэх хүн ч олон. Тиймээс орон нутаг руугаа явахаар шийдсэн. Тэр дундаа Дундговь маань хөгжлөөрөө бусад аймгуудаас нэлээн хойгуур ордог. Аймаг дотроо ч өсөж өндийсөн Цагаандэлгэр сум маань 15 сум дотроо хөгжил дэвшилээр тааруухан. Залуу хүний хувьд энэ бүхэнд санаа зовж сэтгэл эмзэглэж явдаг. Тодорхой хэмжээнд өөрийгөө хөгжүүллээ, одоо орон нутгаа  өөрчилье гэж бодсон нь нэр дэвших сонголт байсан. Анх нэлээн дэврүүн хүслээр гэгээлэг зүйл бодож очсон. Гэтэл миний мэдлэг туршлага хамаагүй. Улс төрийн өрсөлдөөний ашиг сонирхол, явцуу улс төр ямар байдгийг мэдэрсэн. Төрөөс нэг ч төгрөгийн төсөл тендер авч үзээгүй дандаа хувийн бизнес эрхэлж ирсэн хүний хувьд яаж ч намайг харлуулж чадахгүй гээд бардам очсон ч үгүй юм билээ. Ямар ч “үлгэр” зохиогоод түүнд нь хүмүүс итгэж болдгийг харсан. Улс төр миний бодсоноос огт өөр, их хатуу юм байна лээ. Тэгээд 2021 онд JCI-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байтал сумын намын хороог удирдах санал тавьсан. Манай суманд сүүлийн 12 жил нэг нам засаглаж 10-20 жил хэдхэн хүн ээлжлээд дарга хийж байгааг, мөн мэдлэг боловсролтой залуус нутаг орноо хөгжүүлье гээд очихоор элдэв зүйл зохиож харлуулсаар байгаад буцаачихдаг жишээ надаар тогтохгүй бий. Тэгээд л энэ байдлыг  өөрчилье гээд сумын намын хорооны дарга хийх саналыг хүлээж аваад өнөөдөр дахиад ИТХ-д нэр дэвшиж байна. Орон нутагт улстөржилт, талцал хуваагдалыг өөрчлөхгүйгээр юу ч дээрдэхгүй, хөгжихгүй. Энэ өөрчлөлтийг хийхэд тухайн сум орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүнд тун хэцүү. Ажил амьдрал нь холбоо хамааралтай учраас боломж хомс юм билээ. Тиймээс дахиад нэг зүтгээд үзье гэж бодсон.

Манай Цагаандэлгэр уул уурхайгүй, өв соёл, үүх түүхээ хадгалж үлдсэн цөөн сумын нэг. Тухайлбал, жил бүр сумынхаа хилийн дээсээр Ганжуур, Майдар эргэх зэргээр шашин соёлын өвөрмөц зан үйл хийдэг. Боржигоны Сэцэн вангийн хошуу байх үеэс уламжилж ирсэн шашин соёлын энэ мэт онцлог давуу тал дээрээ тулгуурлаад орлогоо нэмэгдүүлэх ч боломж бий. Мөн хөдөө аж ахуйд түшиглээд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ хоршоо хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлж малын түүхий эд боловсруулах, махаа ангилж ялгаж өндөр үнээр борлуулах боломжтой. Манай сум төмөр замд хамгийн ойр учраас малын түүхий эд боловсруулах үйлдвэрлэл эрхлэх бүрэн боломж бий. Ингэж дундын хоршоогоор малчдын орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх гарц шийдэл байна” гэлээ. Ийн говьд өөрчлөлтийн салхийг түүчээлж яваа, улс төрд бүрэн бэлтгэгдсэн П.Бүрэнжаргалтай ижил олон залуус хөдөөг зорих зориг гаргаасай. Харин нутгийн иргэд намчирхаж талцах биш нутаг орныхоо хөгжлийн төлөө өөрчлөлтийг нь дэмжээсэй гэж хүснэм.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334