130 жилийн түүхтэй Венецийн Биеннальд Монгол улсын уран барималч А.Очирболд эх орноо төлөөлөн оролцож байна

95
0
6 сарын өмнө
130 жилийн түүхтэй Венецийн Биеннальд Монгол улсын уран барималч А.Очирболд эх орноо төлөөлөн оролцож байна

Венецийн Биенналь нь 130 жилийн турш дэлхийн хамгийн нэр хүндтэй дүрслэх урлагийн наадмын нэг байсаар ирсэн билээ. 1895 онд үүсгэн байгуулагдсан хоёр жил тутамд зохион байгуулагддаг Биенналийг 2022 онд 800,000 гаруй хүн үзэж сонирхсон байдаг. Тус наадамд Монгол улс нь 5 дахь павильон буюу Засгийн Газрын 73 дугаар тогтоолын дагуу Засгийн Газрын оролцоо, дэмжлэгтэйгээр хоёр дахь удаагаа өөрсдийн павильоноо засаж, оролцож байна.

Биенналийн урьдчилсан нээлт 4-р сарын 16-наас эхэлсэн бөгөөд нээлтийн өдрүүдээр Монголын павильоноор өдөрт дунджаар 1000 гаруй хүн зочилж, Дүртоддагваас эх санаа авсан “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” инстоляц бүтээлийг үзлээ.

60 дахь удаагийн Венецийн Биенналийн олон улсын шүүгчдээр Америк куратор болон Колумбын их сургуулийн профессор Жилуа Брайн Вилсон (ерөнхийлөгч), Индонезийн куратор, зохиолч Алиа Швастика, Нигерийн куратор, шүүмжлэгч Чика Океке Агүлү, Италийн куратор Элена Криппа, Франц, Колумбын куратор Мариа Инес Родригүэз нар тус тус ажиллалаа. Дүрслэх “урлагийн олимп” Биеннальд Монгол улс тав дахь удаагаа оролцож байна. Энэ жилийн хувьд уран барималч А.Очирболд “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” баримлаараа олон улсын тавцанд эх орноо төлөөлж байгаа билээ. 2024 оны Биеннальд “Харийнхан хаа сайгүй” гэсэн нэгдсэн сэдвийн дор улс орнууд өөр өөрийн арга барил, техникээр бүтээлүүдээ дэглэжээ. А.Очирболдын буддын шашны Ситипати /Дүртоддагва/ сахиусаас сэдэвлэн хийсэн асар том баримлын инстоляцыг ч мөн ялгаагүй даяаршил, хүн төрөлхтний сайн сайхантай холбон “унших” боломжтой юм. Биенналийн олон улсын оролцогчдоос “Алтан арслан” шагналын эзнээр “Mataaho Collective” буюу Шинэ Зеландын Маори үндэстэн дөрвөн эмэгтэй уран бүтээлчээс бүрдсэн баг, Олон улсын үзэсгэлэнгийн ирээдүйтэй залуу оролцогчийн “Мөнгөн арслан” шагналын эзнээр Нигерь гаралтай Английн уран бүтээлч эмэгтэй Карима Ашаду тус тус шалгарлаа.

Шилдэг үндэсний оролцогч “Алтан арслан” шагналын эзнээр Австрали улсын Арчи Мурын “Kith and kin” буюу төрөл төрөгсөд бүтээл шалгарсан бол тусгай шагналыг Бүгд Найрамдах Косово улсын Дорунтина Кастратийн “The Echoing Silences of Metal and Skin” бүтээлээр шалгарлаа. Шүүгчдийн зөвлөлөөс 2 тусгай шагналыг АНУ-ын Нью-Йорк хотод амьдардаг Палестин гаралтай 88 настай Самиа Халаби болон Аргентин, Буэнос-Айрес хотод амьдардаг Ла Чола Поблет нарт тус тус олголоо. 60 дахь удаагийн Венецийн Биенналийн куратор Адриано Педроса-н саналаар Итали гаралтай Бразил уран бүтээлч Анна Мариа Майолино болон Турк гаралтай Францын уран бүтээлч Нил Яалтер нарт концептуал болон үйлдлийн урлагт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн Алтан арсланг тус тус олголоо.

Биенналийн үзэсгэлэнд оролцож буй Монголын павильоны албан ёсны нээлт 4-р сарын 18-нд боллоо. Нээлтэд Монгол Улсын Соёлын Яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Монгол улсаас Бүгд Найрамдах Итали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Ц.Нарантунгалаг, уран барималч А.Очирболд, Монголын павильоны куратор О.Оюунтуяа, зочин куратор Грегор Янзен болон урилгаар ирсэн зочид оролцлоо.

Нээлтийн үеэр уран бүтээлч болон кураторын зүгээс Монгол улс олон улсын урлагийн тавцанд өөрсдийн өнгө төрхийг тодоор харуулах боломжийг олгож хандив өгсөн хувь хүн, албан байгууллага, дэмжсэн бүх хүмүүст талархлаа илэрхийллээ. Венецийн Биенналь нь жил бүр урлагийн ертөнцийнхний анхаарлын төвд байсаар ирсэн. Зураач, цуглуулагч, куратор, урлагийн шүүмжлэгч, сэтгүүлч, музейн захирал зэрэг олны хөл холхисон өдрүүд үргэлжилж байна. “Эхлээд харахад айдас төрөхөөр, сүрдэхээр харагдаж байгаа ч дахиад хэсэг ажиглавал үнэхээр гүн гүнзгий утгатай бүтээл болжээ” хэмээн үзэсгэлэнг сонирхсон иргэд сэтгэгдлээ илэрхийллээ. “Энэ бүтээлийг зүгээр музей үзэж буй мэт өнгөцхөн хараад өнгөрөх бус тогтож хараад эргэцүүлбэл гүн утга нь бууж ирж байна” гэж Их Британиас зорин ирсэн үзэгч сэтгэгдлээ хуваалцаа.

Монголын павильоны талаар Венецийн Биенналийн хэвлэл мэдээллийн баг болон Герман улсын Дойче Веллэ телевиз, Италийн Милан дахь “Artuu” онлайн сэтгүүл, урлагаар дагнасан бие даасан редакцтай “New Art Examiner” онлайн сэтгүүл, “New Yorker” сэтгүүл, Францын “Art newspaper France”, ХБНГУ-ын Kunstforum зэрэг олон улсын нэр бүхий дүрслэх урлагийн салбарын хэвлэл мэдээллийн төлөөллүүд сурвалжиллаа.

Биенналийн үзэсгэлэнгийн хугацаанд мөн олон улсын томоохон хэвлэлүүд, чөлөөт сэтгүүлчид уран бүтээлч А.Очирболдтой хийх ярилцлагын цаг товлосоор байна. Мөн Монголын үндэсний телевиз MNB болон “Buro247.mn” сайтынхан ирж, Монголын павильоны талаар сурвалжлан ажиллаж байна. Хэвлэлийн бага хурал дээр 50 гаруй олон улсын хэвлэл мэдээллийнхэн Монголын павильоны талаар сурвалжиллаа.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334