Сурагчдын 64 хувь нь унших чадвар эзэмшээгүй байна гэв

79
0
7 сарын өмнө
Сурагчдын 64 хувь нь унших чадвар эзэмшээгүй байна гэв

     УИХ-ын нэгдсэн хуралдааны баасан гарагийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар хэлэлцсэн.  Үнэлгээний үр дүн, бодлогын зөвлөмжийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд сурлагын чанарыг тодорхойлох зорилгоор Монгол Улс Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд анх удаа оролцжээ. Уг үнэлгээ нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагч математик, унших чадвар, байгалийн ухаан гэсэн үндсэн гурван агуулгаар олж авсан мэдлэг, чадвараа амьдралд хэрхэн хэрэглэж буй болон тухайн улсын боловсролын тогтолцоо энэхүү чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг судалгаа юм. Гурван жил тутам явуулдаг олон улсын судалгаанд дэлхийн 81 улс оролцжээ. 2022 оны 04 дүгээр сарын 05-наас 05 дугаар сарын 15-ны хооронд хийсэн үнэлгээнд манай улсын ерөнхий боловсролын 196 сургуулийн 7276 суралцагч хамрагдан математик, унших чадвар, бүтээлч сэтгэлгээний сурлагын амжилтаа үнэлүүлжээ. Төрийн болон хувийн хэвшлийн, газар зүйн байршлын хувьд харилцан адилгүй, түүвэрлэн сонгосон сургуулиудын суралцагчдыг хамруулсан үнэлгээнд математикаар 47-д жагссан.

Жишиг улстай харьцуулахад гүйцэтгэл өндөр боловч үе тэнгийнхнээсээ хоцрогдолтой тул сурлагын амжилтыг ахиулах шаардлагатай. Мөн 15 настай хоёр сурагч тутмын нэг нь сурлагын чанар 50 хувьд хүрэхгүй буюу манай улс үнэлгээнд хамрагдсан нийт улсын дунджаас 2.3 жил, Азийн дунджаас 1.2 жилээр хоцорч байна. 

 

Унших ур чадварын тухайд монгол сурагчдын 64 хувь нь унших чадвар эзэмшээгүй, гурван сурагчийн хоёр нь суурь түвшинд хүрээгүй. Манай улсын нэг суралцагчийн боловсрол эзэмших зардал 12 600 орчим ам.доллар байгаа нь үнэлгээнд оролцсон 81 улсаас доороосоо гуравдугаарт бичигджээ. Цаашид суралцагчийн сурлагын амжилтыг ахиулахын тулд Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамны зүгээс бүх түвшний боловсролын чанарыг үнэлүүлэх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын эх хэл болон унших суурь чадварыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авах, сургуулийн дэд бүтэц, сургалтын орчин, хэрэглэгдэхүүнээр хангах, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг багасгахад анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Боловсролд зарцуулсан хөрөнгийн хэмжээ нь боловсролын чанарт шууд нөлөөлдөг болохыг олон улсын үнэлгээний үр дүн харуулсан хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд мэдээлэлдээ онцолсон юм. Монгол хүүхдүүдийн хувьд амьдралд сэтгэл хангалуун гэсэн судалгааны дүн гарсан хэдий ч сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт байгаа гэдгийг ч танилцуулав.

 

Танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл байр сууриа илэрхийлэн үг хэлж, асуулт асуулаа. Тэрбээр, сурч боловсрох эрх нь улс орон бүрийн хөгжлийн чухал суурь үзүүлэлт юм. Тиймээс олон улсын үнэлгээ тухайн улсын боловсрол олгож буй байдлыг шалгадаг тогтолцоо. Байгалийн ухааны боловсролын суурь үзүүлэлт дампуурчээ. Есдүгээр ангийн 15 настай гурван хүүхэд тутмын хоёр нь эх хэлээрээ уншаад ойлгохгүй байна. 7000 гаруй хүүхдийн 50 хувь нь математикаар муу үнэлгээ авсан нь 9 дүгээр ангийн хүүхдийн сурлагын үнэлгээ доогуур буюу дөрвөн аргын тоогоо нэмж хасах чадваргүй байна гэсэн үг юм. Манай улс боловсролд, нэг суралцагч тутамд 12 682 ам.доллар зарцуулдаг. Олон улсын үнэлгээний үр дүнг танилцуулахдаа суурь боловсрол муу байгааг сайн мэтээр танилцууллаа хэмээн шүүмжилж, боловсролын тогтолцоонд бодлогын цогц арга хэмжээ авахыг шаардахаас аргагүй нөхцөлд байна хэмээв.

 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334