Хүний Эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/-ын гишүүн Б.Энхболд өнөөдөр зудын асуудлаар дараах мэдээллийг өгөв.
ХЭҮК-оос гамшгийн нөхцөл байдал бий болсонтой холбоотойгоор төрийн байгууллагуудын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны хүртээмжид хяналт тавьж ажиллаж байгаа аж.
Цас, зудтай аймгуудад хэрэгжүүлж байгаа тусламж зорилтод бүлгүүддээ хүрч ажиллаж чадаж байгаа эсэхэд ХЭҮК төвийн болон орон нутгийн ажилчдаараа дамжуулан хяналт, ажиглалтын ажлыг хийж мэдээлэл солилцон ажиллаж байгаа юм байна.
Их цас болон алслагдсан байдлаас үл хамаарч тухайн газарт амьдарч буй иргэдийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлж ажиллахыг зөвлөж байгаа аж.
Зудад нэрвэгдсэн айл өрх дундаас өрх толгойлсон болон эцэг эхдээ тусалж буй хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг зорилтод бүлгийн хүмүүст анхаарлаа хандуулж байна гэв.