"Дашваанжил" ХХК-ийн удирдлагын зүгээс үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд компанийн удирдлагууд 600 гаруй ажилчдынхаа өмнөөс ослын газар ажиллаж амь эрсэдсэн алба хаагчдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийллээ. Мөн "Дашваанжил" ХХК-ийн Ерөнхий захирал Н.Баатаржав “Манай компанийн хийн тээврийн автомашин осолд ороод байна. Энэхүү тээврийн хэрэгслийг жолоодож байсан манай компанийн ажилтан Ренцэндорж маань 1984 оноос хүнд даацын автомашин барьсан туршлагатай, “Онц тээвэрчин” шагналтай жолооч юм. Тэрээр ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн осол аваар гаргаж байгаагүйг нь бид түүхээс нь тогтоосон. Манай компанид 2019 оноос өнөөг хүртэл ажиллаж байна. Архи, тамхи хэрэглэдэггүй, хорт зуршилгүй шилдэг ажилтан юм. Бид өөрийн ажилтны хууль ёсны эрх ашгийг ямар ч нөхцөлд хамгаалан ажиллаж, хууль эрх зүйн болон эдийн засгийн асуудлыг компанийн зүгээс бүрэн хариуцаж ажиллана. Өнөөдөр бидний хийснийг ярихаас илүү гэнэтийн осол аваар гарсанд бид харамсаж байна" гэв.