БНСУ-д гэрээгээр ажиллаж байхдаа ойролцоо байх сүүний фермийг хараад цагаахан атаархал тээж явсан П.Бат-Ирээдүй эх орондоо ирээд өөрийн бодлоо бодит болгож явна. Тэрбээр Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Хинт хэмээх газарт эрчимжсэн сүүний фермийг байгуулан, одоогоор 70 гаруй тооны үхэр маллаж байна. Анх 2017 Онд есөн саалийн үнээтэй эхэлж байсан нь үр төлөө өгсөөр энэ хүртэл өсжээ. Түүгээр ч зогсохгүй ойр тойрныхоо малчидтай нийлж, өнгөрсөн оноос “Бурхант” хоршоог байгуулаад буй. Хэр баргийн машин явахад хүндрэлтэй, бартаа саад ихтэй замаар айл бүр өдөрт 40-50 литр сүү хот хүртэл тээвэрлэж, худалдаална гэдэг бэрх. Тиймээс бусад малчидтайгаа нийлж хоршоо болон нэгдсэн хөргүүрт сүүгээ хуримтлуулдаг болжээ. Улмаар хоршооны малчид өвлийн цагт өдөртөө 1.2 тонн орчим, зун оргил үедээ 3 тонн орчим сүүг “Хаан сүү” ХХК-д нийлүүлдэг болсон байна. Энэ талаар Бурхант” хоршооны дарга П.Бат-Ирээдүй “Бид 2024 онд Шинэ хоршоо хөдөлгөөнд нэгдэж, 25 гишүүнтэйгээр хоршоогоо байгуулсан. Эхний ээлжид сүүний гарцаа сайжруулах зорилго тавин, айл бүр сүүний чиглэлийн үхэр нэмж худалдан авсан. Өмнө нь хоршооны малчид маань тоо хөөдөг байв. Тоонд ач холбогдол өгөхөөр зарлага өндөр ашиг нь бага байсан” гэлээ.
П.Бат-Ирээдүй өмнө нь 500 гаруй тооны бог мал малладаг байжээ. Гэвч бэлчээрийн мал аж ахуй ган, зуд зэрэг байгалийн хүчин зүйлстэй жил бүр нүүр тулж, маллахад хүндрэлтэй байсан тул фермийн аж ахуй руу шилжсэн нь энэ. Фермийн аж ахуйтай болсноор цас, зудыг ажрахгүй даваад гардаг болсон гэдгийг хэлж байв. Өнгөрсөн жилийн зудыг мөн малын хорогдолгүй давсан байна. Тэрбээр “Бид 10 үхэртэй байлаа гэхэд 10-уулаа бүрэн бүтэн онд орж байна. Гол нь гаршчихсан болохоор өвс тэжээлээ хангалттай, сайн авчихвал болчхож байгаа юм. Хамгийн чухал нь ямар байранд байлгах, юу идэж уулгахдаа анхаарчихвал сүүний гарцын хувьд гадаад үнээнээс дутахгүй. “Хар тарлан”, “Алатау” гээд үүлдрээр нь хээлтүүлгээ хийчихдэг учир эрлийздэггүй” гэлээ.
Үхрийн аргалаа түлш болгох технологийг судалж байна
П.Бат-Ирээдүйгийн дараагийн зорилт бол үхрийнхээ аргалыг түлш болгох. 70 гаруй үхрээс гарах өдөр бүр уул овоо шиг нэмэгдэж байгаа үхрийнхээ аргалыг яах вэ гэдэг асуудал түүнд тулгарсан байна. Ийнхүү судалсны эцэст түлш болгон нийлүүлэх боломжийг олж харжээ. П.Бат-Ирээдүй энэ талаар “Үхрийн аргал гэдэг ургамлын гаралтай. Тиймээс хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй. Гэхдээ одоо шууд дагтаршуулаад, хэвлээд, ачвал бутарч унана. Тиймээс барьцалдуулах аргыг хайж байна. Үүнийг шийдэж чадвал хоршооныхоо хэмжээнд ажил хэрэг болгоно” гэлээ. Мөн цаашид тоног, төхөөрөмжөө сайжруулж ажлаа хөнгөвчлөх, сүүгээ эцсийн бүтээгдэхүүн болгон борлуулж хоршооныхоо гишүүдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх арга замыг хайж байгаа гэдгийг хэлж байв.
П.Бат-Ирээдүйгийнх сүүний фермээ түшиглэн шим тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийг сувилах зорилготой зургаан дүнзэн байшин барьж, заримынх нь дэд бүтцийг ч шийджээ. Энэ байшингуудад зундаа амрагчид авдаг байна. Эднийх “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, шим тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийн сувилалд халуун хөөрүүлсэн сүү, шинэ тараг нийлүүлдэг байжээ. Энэ талаар “Сүүгээ халуун бас шинээр нь хүргэж өгөхгүй бол хүүхдийн гэдэс өвдөх аюултай учир өглөө бүр 4:00 цагт босож үнээгээ сааж, сүүгээ борлуулдаг байсан. Тэр үед өдөрт ихдээ 5 цаг л унтдаг байсан байх шүү” гэлээ. Харин дэргэдээ өөрсдийн амралттай болсноор шинэхэн цагаан идээгээ нялх балчир хүүхдүүдэд хүргэх өөрийн бас нэг зорилгоо биелүүлэх боломжтой болсон байна.
Баянзүрх дүүрэгт өнгөрсөн онд 12 хоршоо шинээр байгуулагджээ
Баянзүрх дүүрэг нь Улаанбаатар хотын хамгийн олон малчин өрхтэй дүүргийн нэг. Дүүргийн хэмжээнд 2024 оны жилийн эцсийн тооллогоор мал бүхий дөрвөн хорооны 1070 өрх бүртгэгдсэний нэг нь П.Бат-Ирээдүйгийнх юм. Дүүргийн малчид хоршоо болон нэгдэж, хашаа хороогоо засаж сайжруулах, өвс тэжээлээ бэлтгэх, малаа эрчимжүүлэх зэргээр байгалийн гамшигт үзэгдлийг хор хохиролгүй даван туулах арга замыг эрэлхийлж байна. Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн, Хөдөө аж ахуйн тасгийн дарга Б.Баянмөнх “Байгаль цаг уурын эрсдэл их болж байна. Үүнээс урьдчилан сэргийлэх, малчдаа бэлтгэлтэй байлгах үүднээс Монгол Улсын Засгийн газар 2024 онд , “Шинэ хоршоо- Чинээлэг малчин” хөтөлбөрийг эхлүүлсэн. Хоршооны малчдад урт болон богино хугацаатай зээл олгох асуудлыг бодлогоор шийдсэн. Манай дүүргийн хувьд өнгөрсөн онд 12 хоршоо шинээр байгуулагдсан. Тэдний хувьд нэгдүгээрт, малынхаа тэжээлийг нэмэгдүүлье гэж байгаа. Хоёрдугаарт, өөрийн мал маллаж байгаа байр, хашаа хороогоо өөд нь татъя, гуравдугаарт, сайн чанарын хээлтүүлэгч, хээлтэгч авч малынхаа үүлдрийг сайжруулъя гэх мэтээр өөрсдийн зорилго, чиг баримжаатай явж байна.
Ер нь уур амьсгалын өөрчлөлтөд малчин хүн бэлтгэлтэй байх зайлшгүй шаардлага урган гарч байна. Цас зуд их орсон, ган болсон хүндрэлтэй нөхцөлд төр засаг, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага тусалдаг. Харин энэ үед малчин хүн өөрөө ямар байх ёстой вэ гэвэл, нэгдүгээрт малаа чанаржуулах ёстой. Хоёрдугаарт, өвлийн хашаа хороо, байр савыг нь стандартын шаардлага хангасан маш дулаан байлгах шаардлагатай. Мөн эрсдэл гарсан тохиолдолд малаа бэлчээрт гаргахгүй тав хоног тэжээх чадалтай болох хэрэгтэй. Ер нь малчин хүн бүр бэлчээрийн мал аж ахуйн сэтгэлгээнээс өөр сэтгэлгээгээр амьдрах шаардлага тулгарсан” хэмээлээ.
Манай улс газар зүйн байршил, уур амьсгалын системийн хувьд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны нэг гэж тодорхойлогддог. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөмтгий буюу 181 орноос 67 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлийн хор хохирлыг уламжлалт мал аж ахуй эрхэлж буй хөдөөгийн иргэд, малчид хамгийн ихээр амсаж байна. Тиймээс тэдэнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөн тэсвэрлэх шаардлага тулгарч буйг сүүлийн үед болсон байгалийн гамшигт үзэгдлүүд харуулж байна. Малчид өнгөрсөн жилийн зуднаас сургамж авч хоршоо болон, малчдын хамтын менежментийг сайжруулахыг илүүд үзэх болсон байна. Өнгөрсөн 2024 онд улсын хэмжээнд 77.233 гишүүн бүхий 7.814 хоршоо шинээр байгуулагджээ.
Газрын хөрснөөс ил гарсан ногоон ургацын 50 орчим хувийг ашиглаж, бэлчээрийг сэлгэвэл үндэсний систем нь багасахгүй
Монгол орны бэлчээрийн төлөв байдлын хувьд 65 хувь нь унаган төлөв байдлаасаа өөрчлөгдөж, тодорхой хэмжээгээр доройтжээ. Үүнээс үүдэн малчид эдийн засгийн хувьд алдагдалд орж байна. Энэ талаар Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны тэргүүн, Доктор Н.Ганхуяг “Бэлчээрийн доройтлоос үүдэлтэй бэлчээрийн бүтээмж буурч байна. Жишээлбэл, нэг төлөв байдалд байгаа ойт хээрийн бэлчээрийн хэмжээ дунджаар 600кг га байдаг. Доройтохоор 250кг га болж буурдаг. Тэгвэл 600кг/га талбайд таван хонин толгойг 75 өдөр бэлчээх боломжтой. Харин доройтсон үед нь хоёр хонин толгойг 75 өдөр бэлчээх дүн гарч байгаа юм. Энэ нь эдийн засгийн хувьд алдагдалтай болж байна” гэлээ. Сүүлийн жилүүдэд гуу жалга ихээр гарч эхэлсэн. Энэ бас бэлчээрийн доройтлын илэрхийлэл аж. Хөрсийг салхи уснаас хамгаалж, барьж байдаг зүйл нь ургамлын үндэс. Ингээд газрын хөрснөөс дээш гарсан ургамлыг байнга ашигласнаар үндэс нь багасдаг аж. Малчдын хувьд бэлчээрийг доройтлоос хамгаалах хамгийн найдвартай арга бол сэлгээ гэдгийг Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны тэргүүн, Доктор Н.Ганхуяг хэлж байв. Ингэхдээ жилийн сэлгээ, бүтэн эргэлтийн сэлгээг бэлчээрийн төлөв байдалд тохируулан хийх шаардлагатай. Тэрбээр “Бэлчээрийн ургамлын газрын хөрснөөс ил гарсан ногоон ургацын 50 орчим хувийг ашиглаж, бэлчээрийг сэлгэвэл үндэсний систем нь багасахгүй. Харин үүнээс илүүгээр олон удаа давтаж ашиглавал үндсэн систем нь багассаар тухайн ургамал биологийн хувьд амьдрах боломжгүй болно” гэв.
Малынхаа тоог бууруулсан ч өрхийн орлого нэмэгдүүлэх боломжтой
Засгийн газрын 2020 оны 34 дүгээр тогтоолд аймаг, сум бүр “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-тай болохоор тусгасан. 2020 онд найман аймгийн 19 сум “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-ын төслийг сум тус бүрийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулж, ХЗДХ-ийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Харин 2022 онд шинээр 24 сум бүртгүүлжээ. Улмаар бэлчээрийн менежментийг хамтын удирдлагаар хэрэгжүүлэх, хариуцлагын тогтолцоог бий болгох нөхцөлийг бүрдүүлэх үүднээс “бэлчээр ашиглалтын гэрээ”-г байгуулж эхэлжээ. Тус гэрээг байгуулснаар дараах эерэг үр дүнгүүд гарчээ.
-Бэлчээрийн нүүдлийн мал аж ахуй эрхлэх амьдралын хэв маяг, соёлыг хадгалан, хямд үнэтэй экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ард түмний хэрэгцээг хангах, цөлжилтийг сааруулах, зах зээлийн өрсөлдөөнт нүүдлийн соёл иргэншлийг хадгалж үлдэх боломж бүрдэж байна.
-Бэлчээр ашиглалтад оролцогч бүх талуудад бэлчээр нутгийг ашиглах хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглахад орон нутгийн онцлогийг харгалзсан аливаа шийдвэр гаргахад үндэслэл болж байна.
-Орон нутаг бие даан бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэх, бэлчээрийг зохистой ашиглах, доройтож талхлагдахаас урьдчилан хамгаалах, бэлчээр ашиглалтын тогтвортой бодлого, менежментийг хэрэгжүүлж байгаль орчноо хамгаалах, тогтвортой хөгжлийн шаардлагыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болж байна.
-Бэлчээрийн газар тодорхой эзэнтэй болж, малчид бэлчээр нутгийн эзэн болох алхам хийгдлээ.
-Бэлчээрийн газрыг мэдлэгтэйгээр төлөвлөж ашиглах, хөрөнгө оруулалт хийгдэх нөхцөл бүрдэж байна.
-Төрийн захиргааны бүх шатны байгууллагын эрх үүрэг хариуцах ажлыг нэг бүрчлэн тодорхой болгож өгсний зэрэгцээ малчид тариаланчид, малчид уул уурхайн салбарын хооронд гардаг байнгын зөрчил багасаж байна.
Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооноос хийсэн судалгаагаар “бэлчээр ашиглалтын гэрээ”-нд хамрагдсан малчид малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулан бууруулсан ч өрхийн орлого нь нэмэгдсэн байна. Тухайлбал, бэлчээрийн даац нь 40 хувь хэтэрсэн 392 толгой малтай өрх малынхаа тоог 258 болгож бэлчээрийн ачааллыг дааацад нь тохируулжээ. Мөн малын чанар, сүргийн менежментийг сайжруулах арга хэмжээ хэрэгжүүлснээр малын тоо нь цөөрсөн ч өрхийн орлого 15.6 сая төгрөгөөс 17.2 сая төгрөг болж нэмэгдсэн аж.
Цаг агаарын мэдээг 10 хоногоор нарийвчлан боловсруулна
Уур амьсгалын өөрчлөлт, ирээдүйн төлөвийг олон загвараар нарийвчлан гаргах, цаг агаарын илүү урт хугацааны урьдчилсан мэдээг тооцоолох суперкомпьютерийг АДАПТ төслийн хүрээнд шинэчилж байна. Суперкомпьютерийг нэвтрүүлснээр хүчин чадал нь одоо байгаагаас 16 дахин хурдан, хадгалах төхөөрөмж нь ойролцоогоор 20 дахин их болж нэмэгдэнэ. Одоогийн богино болон дунд хугацааны урьдчилсан мэдээнд ашиглаж байгаа загвар тав хүртэл хоногийн урьдчилалтайгаар боловсруулж байгаа бол энэ суперкомпьютер нэвтэрснээр 10 хүртэлх хоног болгон нарийвчлах боломж бүрдэх юм. Энэ талаар АДАПТ төслийн техникийн мэргэжилтэн Б.Саранцэцэг “Цаг уур, орчны шинжилгээний газар 1-5 хоногийн мэдээ гэж гаргадаг. Мөн улирлын мэдээ буюу зуд, гангын мэдээ, эрсдэлийн зураг гаргадаг. Эдгээрийн мэдээллийг орон зай цаг хугацааны хувьд илүү нарийвчлах, судалгаа шинжилгээний ажлыг сайжруулах зорилгоор суперкомпьютер худалдан авч өгч байгаа. Монголд ганц байдаг суперкомпьютерийг 2011 онд ЦУОШГ-т нэвтрүүлсэн байдаг. Энэ нь гуравны нэг хувийн ашиглалтай байгаа бөгөөд ерөнхийдөө судалгаа шинжилгээний ажил зогссон байдалтай байна. Харин шинээр уг суперкомпьютерийг нэвтрүүлснээр онцгой байдлыг байгууллага хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг төлөвлөх боломжтой болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гамшигт үзэгдлийг хохирол багатай даван туулахад хувь нэмрээ оруулна” гэлээ.
ЦУОШГ-аас гаргасан 2021 оны мэдээллээс харахад өвлийн улиралд унах хур тунадасны хэмжээ 128мм-ээр өсөж, зуны улирлын хур тунадасны хэмжээ 22мм-ээр багасжээ. Ийнхүү ган, зудын давтамж нэмэгдэж, байгаа энэ үед уг суперкомпьютер нэвтэрснээр монгол орны хөдөөгийн иргэд, малчдын нийгэм эдийн засаг, эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулна.
Энэхүү бүтээлийг “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн хүрээнд бүтээв.
Б.НОМИН