УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Энэ хэлэлцээрийн асуудал өнгөрсөн долоо хоногт УИХ-аар орж ирсэн. Маргааш Эдийн засгийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэгдээд нэгдсэн чуулганд оролцохгүй Засгийн газрын хооронд гарын үсэг зурах ёстой. Засгийн газрын хоорондоо гарын үсэг зурчихвал УИХ-ын нэгдсэн чуулган гэрээг соёрхон батална. Яг энэ үе шатанд асуудлыг ярихгүй бол цаашид өөрчлөх аргагүй нөхцөлд орно.
Энэ гэрээ хэт нэг талыг барьсан байна. Зарим нь орчуулгын алдаа гэж тайлбарласан. Нефть нийлүүлэх гэж буй компани Чингис хаан олон улсын нисэх буудлыг бүхэлд нь ашиглах агуулга харагдаж байгаа. Хэрэв энэ агуулга буруу зөрүүгээр ойлгогдвол ОХУ-ын арбитраар шийдвэрлэнэ. Олон улсын хэлэлцээрийг бид ийм түвшинд байхад нь зөвшөөрч болохгүй. Засварлах, буцаах ёстой гэсэн байр суурь бий.
Мөн удахгүй ашиглалтад орж магадгүй байгаа дотоодын үйлдвэрийн нефтийн бүтээгдэхүүнийг энэ гэрээгээр хамгаалж чадахгүй байна. Уг нь бид нээлттэй эдийн засагтай улс. Үндэсний аюулгүй байдлаа бодсон ч нефть хангамжийн системийг олон эх үүсвэртэй болгох бодлого баримаар юм. Зөв бодлого баривал ойрын хугацаанд гурван эх үүсвэртэй болох боломж байна. Гэтэл үндсэн хоёр гарцаа хаагаад 20 жил нэг л сонголттой байна гэдэг үндэсний аюулгүй байдлын бодлого биш.
Тэр тусмаа ОХУ-аас одоо авч буйгаас илүү чанартай нефтийн бүтээгдэхүүнийг БНХАУ-аас авах боломжтой байгааг одоог хүртэл ашиглахгүй байна. Мөн урд хөршөөс нарийн царигаар авдаг болчихвол онгоцны түлшийг нааштай шийдэх боломжтой.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
-Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой мөн гуравдагч ертөнцтэй холбогдох Монгол Улсын гуравдагч хөрш рүү гарах ганц гарц болох агаарын тээврийн салбарт гаднын хөрөнгө оруулалттай компанид давуу эрх олгох асуудлыг Ардчилсан намын бүлэг дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлсэнд баяртай байна. Бид маш ээдрээтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа. Ардчилсан намын бүлэг эх орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, тодорхой шийдвэрүүдийг гаргаж байгаад баяртай байна.
Хоёрдугаарт, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. УИХ анх энэ хуулийг нүүрсний хулгайтай тэмцэх зорилгоор баталсан гэж ойлгож байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрсний 20 орчим хувь нь л биржээр арилжаалагдаж байгаа. Бусад нь урт хугацааны гэрээний дагуу явж байна. Биржээр явж байж ил тод нээлттэй байна гэдэг зарчим байсан. Гэтэл Засгийн газраас биржийн арилжааг улам хумих цаашлаад бартер буюу бараа солилцооны гэрээг оруулж ирж байгаа нь зарчимгүй явдал гэдгийг бүлгийн дарга хэллээ. Тэгэхээр цаашид бид уул уурхайн салбараа илүү нээлттэй, ил тод болгох тал дээр АН-ын бүлэг хатуу байр суурь илэрхийлээд явна гэдгийг хэлмээр байна.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээрт ямар ч утгаараа Монгол Улсад ашиггүй зүйл заалтууд тусгагдсан. Зүйл заалтуудыг сайжруулах саналуудаа УИХ-ын гишүүд хэлсэн. Онгоцны түлшийг ОХУ-ын төрийн өмчит нэг компани 20 жилийн хугацаагаар нийлүүлэх гэрээ хэлэлцээрийг дэмжихгүй.