Эрүүл мэндийн салбар дахь суурь шинэчлэлийн асуудал тэр дундаа эмнэлгийн тусламж үйлчилгээ тулгамдаж буй асуудал болоод буй. Иймд эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах, цаашлаад эмнэлгийн ачааллыг тэнцвэржүүлэх шаардлагатай бий. Энэ хүрээнд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүд тэр дундаа хавдрын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах бодлогыг нэн түрүүнд тавьж ажиллаж байгаа аж. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-Хавдрын эмчилгээний төвлөрлийг сааруулах ажил маань амжилттай явж байна. Энэ хүрээнд хавдрын тусламж үйлчилгээний үндэсний багуудтай болсон. Энэ багууд Улаанбаатараас аймаг, орон нутаг руу очиж тусламж үйлчилгээ үзүүлнэ. Санхүүжилт нь 30-50 хувиар илүү байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл, энэ санхүүжилт аймаг, орон нутагт очиж ажиллаж байгаа эмч, ажилтнуудад хуваарилагдаж байгаа. Мөн хавдрын эсрэг үндэсний багт орж, Улаанбаатар хотоос орон нутаг руу очиж ажиллах сонирхолтой эмч нарын хүсэлт нэмэгдсэн. Өмнө нь эмч, ажилтнууд орон нутагт руу явдаггүй байсан бол одоо явж байгаа. Энэ эмч нар очоод хэдэн хүн үзчихээд ирэхгүй. Аймгуудад байгаа хавдрын эмч нарыг ажлын байранд нь сургах, цаашид Улаанбаатараас эмч нар очих шаардлагагүй болгох зорилгоор сургалтууд хийж байгаа. Ингэхээр бодит үр дүнгүүд их гарна. Цаашид иргэд аймаг орон нутгаас Улаанбаатар хотод ирэх шаардлагагүй болж, чирэгдэл үүсэхгүй байх боломж бүрдэнэ. Түүнчлэн хавдрын тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд аймаг орон нутагт 64 хавдрын эмч, мэргэжилтэн нэн шаардлагатай гэсэн судалгааг хийж, энэ хүмүүсийг хөгжлийн төв дээрээ сургалтад хамруулаад эхэлсэн. Энэ хүмүүс нэгээс хоёр жилийн дараа төгсөж очно. Мөн суралцах хугацаандаа ажлын байр дээрээ дадлагажина. Хоёр жилийн дараа гэхэд орон нутаг дахь хавдрын чиглэлийн хүний нөөцийн асуудал шийдэгдэнэ. Хавдар цаашлаад гэмтэл, хүүхэд, эх нярайн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, аймаг орон нутаг руу шилжүүлэх ажил ар араасаа эхэлсэн. Бид таван жилийн дотор орон нутаг дахь бүх нарийн мэргэжлийн чиглэлийн эмч нараа хөгжүүлж, ажлын байранд нь сургаад, орон нутагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжоор хангана. ХСҮТ дээр ирж байгаа нийт нийт тусламж үйлчилгээний 60 хувийг орон нутаг руу шилжүүлнэ. Жишээлбэл, хөхний хорт хавдартай хүн жилдээ 17 удаа химийн эмчилгээ хийлгэх шаардлагатай. Гэтэл орон нутагт байдаг өвчтөн 17 удаа Улаанбаатар хотод ирэх, үүнийг дагаад санхүү эдийн засгийн дарамт бий болно. Иймээс энэ эмчилгээнүүдийг аймаг, орон нутагт хийх нь маш олон талын ач холбогдолтой. Анх оношлогдож байгаа томоохон мэс засал, оношилгоог ХСҮТ дээр хийнэ. Бусад тусламж үйлчилгээг тухайн орон нутагт нь үзүүлдэг болно. Өөрөөр хэлбэл, жилдээ найман мянган иргэн хавдраар оношлогддог. Эдгээр оношилгоог ХСҮТ дээр хийнэ. 22 мянган эмчилгээг аймаг орон нутаг болон, дүүргийн эмнэлгүүдэд хийх боломжтой. Тухайлбал, өнөөдрийн байдлаар туяа эмчилгээний хүлээгдэл 37 хоног байсан бол найман хоног болсон. Хими эмчилгээний хүлээгдэл, Улаанбаатар хот руу ирж байгаа төвлөрөл 15-20 орчим хоног буурч байгаа.