Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр “2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц”-ийг танилцууллаа. Тэрээр "Хичээлийн шинэ жилийн бүтэц нь нийслэлийн болон хөдөө орон нутгийн гэсэн ялгаатай байдаг. Учир нь нийслэл хүн ам төвлөрсөн агаарын бохирдол, түгжрэл ихтэй. Иймд нийслэл хөдөө орон нутгийн амрах хугацаа 7 хоногоор зөрдөг. Гэхдээ дуусах хугацаа нь адилхан байдаг. 2024-2025 оны хичээлийн жил бол гурван улирлын бүтэцтэй байсан. Үүний хүрээнд нэгдүгээр сард хүүхдүүд таван долоо хоног, бага сургууль нэг сар амарсан. Энэ нь олон жилийн томуу, ханиадны дэгдэлтийг тооцсон. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бол Улаанбаатар хот. Арванхоёрдугаар сарын дунд үеэс нэгдүгээр сар хүртэл хүйтэн байдаг. Иймд 2025-2026 оны хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй явна. Амралтыг нэг долоо хоног сунгаж буй. Улмаар арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс бага сургууль амарч, нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт хичээл эхэлнэ. Ингээд нийт 6 долоо хоног амрах нөхцөл бий болж байна. Нэгдүгээрт, түгжрэлийг бууруулна. Хоёрдугаарт, хүүхдүүдийн дундах ханиад томууны дэгдэлт буурна. Дунд, ахлах ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ноос амарна. Гэхдээ ахлах ангийнхан нэг долоо хоног цахимаар хичээллэнэ. Харин зургаадугаар сард нэг долоо хоног сунгаж хичээллүүлнэ.
Орон нутгийн сурагчдын тухайд, бага сургууль таван долоо хоног, дунд сургууль дөрвөн долоо хоног амарна. Улмаар мал төллөх үеэр хотын хүүхдүүдээс нэг долоо хоног илүү буюу нийт 14 хоног амарна" гэв.