Ч.Эрдэнэсүрэн: Гараагаа хийж байхад ямар ч “хайр” байхгүй. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй эн тэнцүү уралддаг

383
0
3 сарын өмнө
Ч.Эрдэнэсүрэн: Гараагаа хийж байхад ямар ч “хайр” байхгүй. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй эн тэнцүү уралддаг

ММСАМ-ны холбооны сонирхогчдын ангиллын тамирчин, дрифтер Ч.Эрдэнэсүрэнтэй ярилцлаа. Түүний хувьд энэ спортоор хичээллэдэг цөөн эмэгтэйчүүдийн нэг хэдий ч эрчүүдтэй энэ тэнцүү зэрэгцэн өрсөлдөж, яг одоо зохион байгуулагдаж буй Дрифтийн өвлийн цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож эхний тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байранд эрэмбэлэгдэж буй юм. 

-Юун түрүүнд өөрийгөө танилцуулахгүй юү?

-Намайг Чинбаатарын Эрдэнэсүрэн гэдэг. Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны сонирхогчдын ангиллын 120 дугаартай тамирчин.

-Дрифтийн спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Дрифтийг сонирхоод маш удаж байгаа ч 2023-оос эхлэн энэ спортоор хичээллэж, суралцаж, тэмцээнүүдэд оролцож байна.

-Дрифтийн спортоор хичээллэхэд эр зориг шаарддаг. Тэр дундаа эмэгтэй хүнээс илүү их эр зориг шаарддаг болов уу. Энэ спорт руу яагаад орох болов?

-Манай нөхөр дрифтийн тамирчин. Дрифтийн спортоор сүүлийн 10 орчим жил хичээллэж байна. Нөхрөө хажуугаас нь дэмжиж, бэлтгэл хийх үед нь дэргэд нь суугаад явдаг. Яваандаа надад бас энэ боломж нь байгаа юм шиг санагдаж эхэлсэн. Ер нь эхний нэг, хоёр, гурван жил нөхрөө харлаа. Сүүлдээ өөрөө хичээллэмээр санагддаг юм билээ. Тэгэхээр миний дрифт сонирхох, тэмцээн уралдаанд оролцох болсон шалтгаан манай нөхөр юм болов уу. Нөхөр маань маш тууштай, хичээнгүй, шинийг эрж хайдаг зан чанартай. Тууштай байсныхаа үр шимийг хүртэж байгаа тэр байдлуудыг дэргэдээс нь байнга хардаг. Тиймээс би бас тууштай байвал боломж байгаа юм байна гэж бодсон.

-Анх зам дээр гарахад ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Би ер нь их сандруу байсан. Миний анхны тэмцээн “Монгол 63” дээр өвөл болж байв. Тухайн үед бэлтгэл хийж байхад яг нэг газраа “саваад” байсан юм. Тэмцээн эхэлж, гараандаа гарсан чинь би алддаг байсан зам дээрээ шууд л явж байсан. Түүнээсээ маш их урамшсан. Өөрийгөө нэг удаа сориод энэ тэмцээнд орж үзье гэж бодож байсан л даа. Ер нь бол зөвхөн тэр тэмцээнийг л төлөвлөсөн байсан гэсэн үг. Гэтэл түүнээс хойш тасралтгүй тэмцээн уралдаанд оролцсоор явна. Одоо гурав дахь жилдээ орж байна.

-ММСАМ-ны холбоонд бүртгэлтэй, дрифтээр хичээллэдэг 200 гаруй тамирчин байдаг. Энэ дундаас эмэгтэй тамирчин хэр олон байдаг юм бол?

-Манай холбоонд дөрвөн эмэгтэй тамирчин бий. “I Drift” клубийн Анармаа найз минь тэмцээн уралдаандаа оролцоод явж байна. “Fortuna” клубийн Азаа болон “VIP” клубийн нэг тамирчин энэ спортоор хичээллэж байгаа.

-Эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдтэй өрсөлдөхөд ямар байдаг вэ. Үл оошоох эсвэл давуу байдал үүсгэх гэх мэт жендерийн ялгаатай байдал байдаг уу?

-Бэлтгэл хийх гэх мэт дээр бол эмэгтэй тамирчдаа маш их дэмждэг. Жишээ нь, бэлтгэлийн гараан дээр дугуй солих, эвдрэл гэмтэл гарахад бүгд хүрч ирээд сэтгэлээрээ тусалдаг. Харин тэмцээн эхлээд зам дээр гарч гараагаа хийж байхад бол ямар ч “хайр” байхгүй. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй эн тэнцүү л уралддаг.

-Хүчтэй өрсөлдөгчидтэй олон таарч байв уу?

-Мэдээж “вattle” дээр таарсан тамирчин бүр хэцүү. Гэхдээ би чадна гэсэн итгэлтэйгээр зам руу гардаг.

-Одоо Өвлийн дрифтийн цуврал тэмцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотод болно. Өөрийн тань хувьд амжилттай оролцож, нийлбэр оноогоороо дээгүүр яваа. Энэ тэмцээнүүдийн талаар яривал?

-2025 оны өвлийн тэмцээн дөрвөн шаттай. Одоогоор гурван “Round” явж дууссан. Сүүлийн шат буюу өвлийн тэмцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотод болно. Энэ тэмцээнийг Эрдэнэт хотын спорт машины клуб болох “X boost” зохион байгуулж байна. Маш их ач холбогдол өгч зохион байгуулж байгаа юм билээ. Тамирчид бас өргөн оролцох болов уу. Шагналын сан бас өндөр байсан. Нэгдүгээр байр 10 сая, хоёрдугаар байр таван сая төгрөг, гуравдугаар байр гурван сая төгрөгийн шагналын сантай.

-Өвлийн гурван тэмцээн зохион байгуулагдсан гэлээ. Энэ тэмцээнүүдэд ямар амжилт үзүүлсэн бэ?

-Эхний “Round 1”-ийг “JZX” автограшаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ тэмцээнээс нэгдүгээр үеийн хамгийн өндөр оноог авсан. “Топ 4”-т эрэмбэлэгдсэн байгаа. “Round 2”-ыг мөн “Drift master” автоклубээс жил бүр зохион байгуулдаг. “Топ 16” хүртэл явж, ганцаарчилсан гараагаар 2-оор гарч ирсэн. Сая “Round 3” Дархан хотод зохион байгуулагдлаа. “Мөсний баяр”-тай маш олон тамирчныг хамруулсан өргөн хэмжээний тэмцээн болсон. Энэ тэмцээнд гуравдугаар байранд орсон. Гурван “Round” тэмцээний нийлбэр урьдчилсан дүнгээр нэгдүгээр байранд явж байгаа. Эрдэнэт хотод зохион байгуулагдах тэмцээний дараа өвлийн тэмцээний эцсийн дүн гарна.

-Тэмцээн уралдаандаа ямар автомашинаар орж байгаа вэ?

-Би одоо өвлийн тэмцээнд 2,5 сс моторын багтаамжтай, 58 кроптой “Toyota Cresta” маркийн автомашинаар оролцож байна. Ер нь өвлийн тэмцээнүүдэд энгийн хөдөлгүүртэй машинуудыг оролцуулдаг.  Зуны тэмцээнүүдэд “LX IS 200” автомашинаар оролцдог. Хүмүүс “Altezza” гэдгээр нь сайн мэдэх болов уу. 2,5 турбо, 54 кроптой спорт машинаар бий. Одоогоор 60 орчим сая төгрөгийн тоног хийсэн байгаа. Энэ жил машинаа илүү сайжруулна.

-Өвөл, зуны тэмцээн нь ямар ялгаатай байдаг юм бол?

-Зуны тэмцээнд өндөр хурдтай байдаг. Асфальт дугуй хоёрын барьцалдах чадвар илүү байдаг болохоор өндөр хурдтай явдаг. Өвлийн тэмцээний хувьд гөлөөнтсөн мөсөн дээр зохион байгуулагддаг. Тийм зам дээр жаахан алдаа хийхэд контролгүй  алдах магадлалтай учир тамирчдаас илүү их ур чадвар шаарддаг.

-Гэр бүлийн хүн нь спортын дэд мастер О.Өсөхбаяр гэдгийг дрифт сонирхогчид мэднэ. Тэгэхээр дасгалжуулагчийг нөхөр нь хийж байна уу?

-Үгүй. Нөхрөөр дасгалжуулагч хийлгэнэ гэж байхгүй ш дээ. Манай нөхөр 2024 оны дрифтийн Улсын аварга болсон. Мөн таван жилд нэг удаа зохион байгуулагддаг олон улсын “CHINGIS CUP” тэмцээнд түрүүлж “Drift king” болсон байгаа. Мэдээж нөхрөөрөө маш их бахархдаг. Гэхдээ миний багш биш. Харин манай нөхрийн туршлага, тууштай байдал гэх мэт чанар нь авууштай санагдаж, өөр дээрээ хэрэгжүүлмээр санагддаг. Зааж зөвлөдөг ах нар бол олон бий.

-Ах нь бас дрифтер гэж сонсож байсан. Хэр их зөвлөгөө өгч байна.

-Аав маань механикч хүн. Бас холын тээвэрт их явдаг байсан. Хүүхэд байхдаа аавынхаа өвөр дээр сууж их явдаг байлаа. Гэхдээ яг механик автомашин жолоодохыг гардаж зааж өгсөн хүн бол миний бага ах. Ч.Чинзориг гэж хүн бий. Ах намайг дасгалжуулж, тэмцээн уралдаанд бэлтгээд байдаггүй ч байнга дэмжсээр байдаг. Тухайн үед манай ах “Altezza” маркийн автомашин унадаг байлаа. Тэр машинаар дрифт хийх машинаа төсөөлж анхны машинаа 2,0 хөдөлгүүртэй машин авч байсан. Одоо тэмцээн уралдаанд ордог спорт машин маань “Altezza” кузовтой.

-Гэр бүлийнхэн нь анх жолооны ард суухад яаж хүлээж авч байв?

-Нөхөр их дэмжиж байсан. Огт хориглоогүй. Тэмцээн уралдаандаа сайн оролцвол надаас илүү баярладаг. Аав, ээж бас их дэмжинэ. Утсаар залгаад “тэмцээн нь болж байна уу, аав нь, ээж нь бензиний мөнгө хийе, таксыг нь даая” гээд ярьдаг. Харин миний тэмцээний гарааг үзэж чаддаггүй хүн нь манай гэр бүлийн хүн. Намайг гараанаас гарахаар өөр тийшээ харчихдаг гэсэн. Харчих юм бол алдчихвий гээд айгаад харж чаддаггүй гэсэн.

-Хүүхэд нь “RC”-ийн тамирчин гэсэн байх аа?

-Дрифтийн машины жижигрүүлсэн хувилбар л даа. Ер нь манай спорттой төстэй. Хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд тустай гэж боддог. Манай хүүхэд яг л бид нартай адилхан дугуйгаа “ингэе, тэгье, зуурч байна уу, сайн дугуй юу, муу дугуй юу” гээд яриад явж байдаг. Хичээллээд жил орчим болж байгаа ч амжилттай явж байгаа. Тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдээс хамгийн бага нь боловч ах нартайгаа ана мана “үзэлцээд” явж байгаа. Жилдээ 5-6 тэмцээн болдог. Нөхөр бид хоёр тэр бүрт нь тасралтгүй оруулж, дэмждэг.

-Анхны тэмцээнүүдэд оролцож, зам дээр гарахад хэр их айдастай байсан бэ. Би чадахгүй юм байна гэж бодогдох үе байв уу?

-Би анх өвлийн дрифт тэмцээнээр гараагаа эхэлж байсан. Ингээд зуны тэмцээн рүү шилжсэн. Өгөгдсөн зам дээр үзэгчдийг эрсдэлээс хамгаалах зорилгоор бетон хаалт тавьдаг. Тэр бетон хананууд надад их айдас өгч байсан. Тэр тэмцээний үеэр бэлтгэл хийж байхдаа айдас төрж, ар талаа байнга хардаг байсан. Яваандаа сурчихдаг юм билээ. Тэмцээндээ орох тусам дасал болж тайвширдаг.

-Үзэгчийн суудлаас эсвэл жолоочийн дэргэд суухад экстрем мэдрэмжийг маш их авдаг. Харин тэр машиныг жолоодож байгаа хүнд өгөх мэдрэмж нь ямар байдаг юм бол?

-Зуны халуунд асфальт зам дээр явах үед жолоочдоо илүү их кайф өгдөг. Шатаж буй дугуйны үнэр, гарч буй утаа, дуу зэргийг мэдрэх нь кайфтай байдаг. Ер нь өндөр хурдаар машинаа контролдож явна гэдэг нь өөрөө маш их кайф юм. Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч, маш их огших мэдрэмж авдаг.

-Ер нь эмэгтэй хүн хичээллэхэд хэр зохимжтой, орон зайтай спорт юм бол?

-Мэдээж эмэгтэйчүүдээ бүр олуулаа болоосой гэж хүсдэг. Харин энэ спорт руу зориглоод орж ирсэн байхад гарах нөхцөлгүй. Улам их сонирхож, илүү сайжиръя, амжилт гаргая гэж боддог. Дрифтийн спортыг сонирхоод, боломжтой бол олуулаа орж ирээсэй гэж хүсэж байна.   

-Тамирчин хүний хувьд ММСАМ-ны холбооны зүгээс тамирчдынхаа ур чадварыг сайжруулахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

-Манай холбоо дрифтийн спортыг Монголдоо таниулах, олон улсад тамирчдаа гаргах зэрэг арга хэмжээнүүдийг маш сайн авч хэрэгжүүлдэг. Тамирчдаа өөрсдийн боломж бололцоогоор хангалттай сайн дэмждэг. Манай холбоо “мундаг” ажиллаж байгаа.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334