Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/ Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” төслийн хүрээнд Шүүхийн сахилгын хороотой хамтран “Шүүхийн ил тод байдал ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сэтгүүлчдийн уулзалтыг хоёрдугаар сарын 6-ны өдөр зохион байгууллаа. Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Чарльз Болланд “Тухайлбал, АНУ-д Монгол Улстай ижил Шүүхийн сахилгын хороо гэдэг байгууллага байдаггүй. Харин Монгол Улсад ийм байгууллага байгаа нь сайшаалтай. Шүүхийн сахилгын хороо нь иргэдээс шүүгчийн сахилгын гомдол зөрчлийг хүлээн авч шийдвэрлэдгээрээ онцлог юм” гэлээ.
УИХ-аас Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 онд баталснаар Шүүхийн сахилгын хороо нь шүүгчид сахилга, ёс зүйн зөрчилд хариуцлага тооцох, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэгтэйгээр орон тооны 9 гишүүнтэй бие даасан байгууллага болж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ийнхүү Шүүхийн сахилгын хороо байгуулагдаж, өөрийн цахим хуудастай болж, хороонд ирүүлж буй өргөдөл, гомдол, мэдээллийн хуваарилалт, гарч буй шийдвэр, үйл ажиллагааны тайлан, статистик мэдээллийг нээлттэй байршуулдаг болсон нь шүүгчтэй холбоотой гомдлын мэдээлэл авах боломжийн талаарх шалгуур үзүүлэлтийн оноо өсөхөд нөлөөлсөн байна. Тодруулбал “Нээлттэй нийгэм форум” болон “Оюуны инноваци” ТББ-аас явуулсан судалгаагаар 2021 онд шүүгчтэй холбоотой гомдлын талаарх мэдээлэл авах боломж хамгийн бага буюу 30 оноо авчээ. Харин уг шалгуур үзүүлэлт нь 2023 онд 80 болж өссөн байна.
ШҮҮГЧИД НОГДУУЛАХ САХИЛГЫН ШИЙТГЭЛ
Шүүгч сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдвол Сахилгын хорооны хуралдаанаас шүүгчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулдаг.
-Хаалттай сануулах
Шүүгчид өөрт нь ганцаарчилсан байдлаар сануулга өгөхийг ойлгодог.
-Нээлттэй сануулах
Шүүгчийн гаргасан зөрчил, түүнд холбогдох шийтгэлийг тухайн шүүхийн ажилтнуудад зарлахыг ойлгоно.
-Цалингийн хэмжээг 6 сар хүртэл 20 хүртэл хувиар бууруулах
Шүүгчийн авч буй сарын үндсэн цалингийн хэмжээг бууруулах шийтгэл бөгөөд нэг сараар таван хувиар гэх мэтээр дээрх хязгаарын дотор хугацаа, хэмжээг өөр өөрөөр тогтоох боломжтой.
-Шүүгчийн бүрэн эрхийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтанд суухыг даалгах
Бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэдэгт хэрэг маргааныг уг хугацаанд шийдвэрлэхгүй байхыг ойлгоно.
-Огцруулах
Шүүгчийг албан тушаалаас чөлөөлж буйг ойлгоно.
Шүүхийн сахилгын хороонд 2021 оноос хойш шүүгчтэй холбоотой 1200 гаруй гомдол иржээ. Үүнээс 35 шүүгчид шийтгэл оногдуулсан байна. Үүнд дөрвөн шүүгчийг огцруулж, гурван шүүгчийн түдгэлзүүлж, 20 гаруй шүүгчид нээлттэй болон хаалттай хэлбэрээр сануулга өгсөн байна.
Сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийн голлох үндэслэл нь:
-Хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах: 3
-Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан (жишээ нь шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцуулсан): 13
-Шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих (жишээ нь шүүхийн шийдвэрийг 14 хоногт албажуулан гаргаж, талуудад гардуулах ёстой байтал 6 сар хүлээлгэсэн): 5
-Шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулах (Жишээ нь шүүх хурлын үеэр бусадтай зурвасаар харилцсан): 6 зэрэг шийдвэрт шийтгэл оногдуулсан байна. Жишээ нь, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч шүүх хуралдааны явцад гарч 4 минут 37 секундийн турш утсаар ярьсан тул “цалинг 3 сараар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулжээ. Харин дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шүүх хуралдааны явцад нийт 16 удаа утсаар ярьсан тул “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан.
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНД ӨРГӨДӨЛ МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ
Шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн хүн, албан тушаалтан, хуулийн этгээд холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр Сахилгын хороонд өргөдөл, мэдээлэл гаргана. Өргөдөл мэдээллийг амаар, эсхүл бичгээр болон цахимаар гаргаж болно.
-Мэйл хаяг: [email protected]
-ДАН: contact.judiscom.mn
-Утас: 77113838
-Шуудангийн хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны байр, зип код-15170
ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ ГАРГАГЧ ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭХГҮЙГЭЭР АЖИГЛАГЧААР ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ
Сахилгын хорооны хуралдаан нээлттэй явагдах бөгөөд төрийн болон албаны нууцтай холбоотой хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээлэл агуулж байгаа гэж үзвэл хуралдааныг хаалттай явуулдаг. Хаалттай явуулна гэдэг нь сахилгын хэргийн оролцогч буюу шүүгчээс бусад этгээд оролцох боломжгүй юм.
Өргөдөл, мэдээлэл гаргагч нь нээлттэй хуралдаанд үг хэлэхгүй, ажиглагчаар биечлэн болон цахимаар оролцож болно. Мөн хүсэлт гарган гэрчээр оролцох боломжтой.