Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг нь сүүлийн жилүүдэд “цахим” орчинд ихэвчлэн үйлдэгдэх болжээ. Энэ төрлийн гэмт хэргийн онцлог нь их хэмжээний мөнгө эргэлддэг, хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдын дансаар дамжуулан санхүүгийн эргэлтэд оруулж байгаа нь давхар мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 09 сарын байдлаар цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 48 тоглоомын 1314 веб сайтын мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран хаалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Гэмт этгээдүүд нь poker буюу мөрийтэй тоглоомын аппликешин, сайт нээж, хэд хэдэн акаунтаар нэг тоглогчтой бооцоот тоглоом зохион байгуулдаг байна. Сонирхогч иргэнд олон тоглогчтой мэт сэтгэгдэл төрүүлэх боловч үнэн хэрэгтээ мөнгө хожих боломжийг бүрэн хязгаарладаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл та 7 хүнтэй ганцаараа тоглож байдаг ба нөгөө талд бүх хөзрийг харж байдаг аж.
Мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах цаашилбал өрөнд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох, улмаар гэр бүл салах, хэвийн амьдрах бүх боломжоо алдах хор уршиг дагуулж байгаа нь гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байна. Олон сайхан залуусын амьдралыг там болгон сүйрүүлж буй этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх цаг болсон баймаар.
Тэгвэл бидэнд ирсэн мэдээлллээр С.Сумъяадорж, хоовон хочит Амарзаяа гэх зэрэг хэд хэдэн залуус энэ төрлийн гэмт хэрэгт үйлдсэн аж. Тэдний ихэнх нь үйл ажиллагаагаа гадаадаас удирддаг, олон залуусын ажил амьдралыг сүйрүүлж яваа гэх цахим тоглоомын хохирогч нарын мэдээлэл байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”,
Мөн хуулийн 2 дахь хэсэгт “Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу дээрх хууль бус үйлдлийг зохион байгуулсан иргэн, аж ахуй нэгж байгууллагад хүлээлгэх хуулийн хариуцлагыг тодорхой заасан байна.
Энэ мэт хууль дүрэмгүй улсад амьдардаг мэт аяглаж байгаа этгээдүүдийг зохих газар нь шалгаж цаашид олон арван залуус амьдрал, сэтгэл санаа, амь насаараа хохирох асуудлыг таслан зогсооно гэж найдаж байна. Бид энэ талаар цаашид цувралаар хохирогчийн яриаг хүргэх болно.