Сүүлийн гаруй 70 жилд Монгол орны агаарын дундаж температур 2.5°C -ээр нэмэгдэж, манай орон уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй улс орны тоонд орж буй. Харин “Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх монголчуудын мэдлэг, дадал, хандлага, мэдээллийн хэрэгслийн хэрэглээ”-нд Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага /GGGI/ байгууллагаас манай улсад анх удаа үндэсний хэмжээний томоохон судалгааг хийжээ. Судалгаанд 2800 гаруй хүнийг хамруулжээ.
Байгаль цаг уурын өөрчлөлт явагдаж, хүрээлэн буй орчныг дордуулж, ой мод усанд нөлөөлж буйг судалгаанд хамрагдсан хүмүүсийн 67,9 хувь нь ажиглаж анзаарсан гэжээ. Хаана амьдарч буйгаас шалтгаалж буюу ялангуяа, говь цөлд амьдарч байгаа хүмүүсийн 81 хувь нь илүү ихээр мэдэрч, анзаарсан гэсэн байна. Тайгын болон хангай газрын хүмүүсийн 41.5 хувь нь анзаарсан, цаашид яах вэ гэдэгт санаа зовж байна гэж хариулжээ.
Гэвч судалгаанд хамрагдсан хүмүүсийн 92,7 хувь нь санаа зовж байна гэсэн боловч “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг, эрсдэлт хүчин зүйл тулгарахад даван туулах, дасан зохицоход бэлэн үү” гэсэн асуултад дөнгөж 9,9 хувь нь бэлэн буюу 91,9 хувь нь бэлэн бус гэж хариулсан байна. Эндээс хүмүүс уур амьсгалын өөрчлөлт явагдаж буйг мэдэж байгаа боловч бэлэн бус байна гэж харж болохоор байна. Санаа зовж байна гэж хариулсан хүмүүсийн 88,7 хувь нь зудад малаа алдсан, үерт нэрвэгдсэн гэх мэт ямар нэг байдлаар байгалийн гамшигт өртсөн байжээ. Харин залуучууд уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэгтэй боловч санаа зовохгүй байна гэсэн байна.