Транспаренси Интернэшнл олон улсын байгууллагаас зарласан авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 2023 онд дэлхийн 180 орноос 121 дүгээрт жагсаж, ухарсан үзүүлэлттэй гарсан. Доминикан, Египет, Замби, Алжир, Украйн улсуудаас ч дор үнэлгээтэй байна.
Тус олон улсын байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийн үнэлгээг зарлахдаа байр суурь, санал асуулга, нотлох баримтаар судалгаа явуулдаг байна. Өмнө нь 176 улсыг оролцуулдаг байсан бол сүүлийн 5 жилд 180 улс хамрагджээ.
1. Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх
2. Нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх
3. Төр засаг авлигын эсрэг үр дүнтэйгээр тэмцэж шударга байдлыг төрийн салбарт хэвшүүлж байгаа эсэх
4. Зориудаар хүнд суртлыг бий болгож авлигыг өөгшүүлж байгаа эсэх
5. Төрийн албанд ур чадвар эсхүл танил талаараа томилгоо хийж байгаа эсэх
6. Авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох
7. Албан тушаалтны хөрөнгө орлого, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хангалттай хууль эрх зүйн орчин байгаа эсэх
8. Авлигын мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль зүйн орчин байгаа эсэх
9. Төрийн үйл ажиллагааны мэдээлэл олон нийт, иргэний нийгэм, хэвлэл мэдээллээр нээлттэй байгаа эсэх
10. Бизнес, улс төрийн бүлэглэлүүдийн далд ашиг сонирхол байгаа эсэх.
Дээрх 10 эх сурвалжийн хүрээнд судалгаа явуулан авлигын индексийг тооцсон юм. Монгол Улс авлигын индексээр: 2017 онд 103 дугаарт, 2018 онд 93 дугаарт, 2019 онд 106 дугаарт, 2020 онд 111 дүгээрт, 2021 онд 110 дугаарт, 2022 онд 116 дугаарт, 2023 онд 121 дүгээр байрт эрэмбэлэгдсэн. Индекс тооцсон улс орнуудын гуравны хоёр нь 50-аас доогуур үнэлгээ авсан бөгөөд авлига дэлхийн тулгамдсан асуудлын нэг болж байгааг энэ тайланд онцлон тэмдэглэсээр байгаа юм. Авлига юунд хүргэдэг вэ, ядууралд. Тэгвэл Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран хийсэн ядуурлын судалгааны дүнг энэ онд олон нийтэд танилцуулсан. Уг судалгаанд дурдсанаар манай улсын ядуурлын түвшин 27.1 хувьтай бөгөөд хүн амын 914 мянга нь ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй. Гурван хүн тутмын нэг нь ядуу гэжээ.
Доройтох шалтгаан
Массачусетсийн технологийн их сургуулийн профессор Дарон Ажэмолу, Чикагогийн их сургуулийн профессор Жэймс А. Робинсон нарын бүтээл болох УЛС ҮНДЭСТНИЙ УНАЛТ, ДОРОЙТЛЫН ШАЛТГААН: ном 2012 онд хэвлэгдсэн даруйдаа л дэлхий дахины анхаарлын төвд орсон.
Энэ номд бүх тивийн улс орнуудын амжилт, ялалт, уналт доройтол ядуурлын шалтгааныг эдийн засгийн утгаар нь тайлбарласан байдаг.
Товчхондоо олон нийтийн оролцоог дэмжсэн улс төрийн болон эдийн засгийн институттэй улс үндэстнүүд хоцрогдол, ядуу буурай байдлаас гарч чадсан. Харин бүдүүлэг, үрэлгэн төр засагтай, авлигатай, шударга бус нийгэмтэй улс үндэстний хувь заяа доройтсон байна.
Энэ номд өгүүлснээр, дундаж Египет хүний орлого АНУ-ын дундаж амьдралтай нэг хүний орлогын 12 хувьтай л тэнцэж, дундаж наслалт нь тус улсаас 10 насаар бага байна. Египет улсын хүн амын 20 орчим хувь нь нэн ядуу. Хойд Солонгос, Сьерра-Леон, Зимбабве зэрэг орнуудын хүн амын тал хувь нь ядууралд нэрвэгдсэн гэжээ.
Египет яагаад Америкаас ядуу болов, энэ орныг баян чинээлэг аж төрөхөд юу саад болсон бэ гэдэг асуултад тус улсын иргэд өөрсдөө хариулахдаа: “Бид авлига, дарлалын дор туйлдан, зовж байна”,“Авлига бугшсан нийгмийг өөрчлөх ёстой”, “Шинэ засгийн газар байгуулаасай тэр үед хүн бүрд тэгш эрх олгож, авлигыг таслан зогсооно, авлигад идэгдсэнээс наад захын төрийн үйлчилгээ хүртэж чадахгүй, хүн бүрд тэгш боломж олгохгүй байна” гэжээ. Мөн Египетийн ард түмний ихэнх нь хөгжих, бизнесийн ёс зүй, соёл бидэнд байхгүй гэж хариулсан байна. Нэг талаараа нийтээр дагадаг лалын шашны сүсэг бишрэл нь тус улсын хөгжилд нөлөөлдөг гэх хандлагыг ч мөн илэрхийлсэн байдаг.
Шударга байдал, ёс суртахуун
Харин Их Британи, АНУ баян чинээлэг болсон нь тэдгээр орны иргэд шударга бус удирдагчдыг суудлаас нь хөөж, улс төрийн эрхийг тэгш хуваарилсан, хариуцлагатай төр засаг байгуулж, иргэдэд тэгш боломж олгож өгч чадсанд учир бий гэж уг номд өгүүлжээ.
Дахиад нэг дэлхийн бест селлер ном байдаг нь “Сингапурын хөгжлийн нууц” тус улсын анхны ерөнхий сайд асан Ли Куан Югийн эх оронч шийдвэр, шаргуу зүтгэлээр Сингапур улс шинжлэх ухаан, өндөр технологийн төв, дэлхийн худалдааны чухал зангилгаа болж чадсан гэж үздэг. Сингапур 1960-1970 онд маш олон үйлдвэрийг бий болгосон, 1980-аад онд капиталд суурилсан нэмүү өртөг шингэсэн зах зээлээр, 1990-ээд онд ур чадвар, мэдлэгт суурилсан эдийн засагт түшиглэн хөгжсөн. Энэ бүх үйл ажиллагааныхаа орлогыг баялгийн сан болгож, хуримлуулаад, хамгийн өгөөжтэй, урт хугацааны зөв хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Бүх салбараас төвлөрүүлсэн хуримтлалаа, хувьцааны хөрөнгө оруулалтаар, мөн өсгөсөн. Энэ хөгжлийн нууцыг ёс суртахуунтай супер удирдагч төрөн гарсны үр дүн гэж судлаачид тайлбарладаг. Ли Куан Ю хамгийн түрүүнд ард иргэдээ нэгдэн нягтрахыг уриалж, дараа нь улс орондоо эмх журам тогтоож, урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлон тууштай хэрэгжүүлсэн байдаг.
Эерэг өгөгдөл
Дээрх баримт, мэдээлэл, түүхүүдээс ажихад, эдийн засгийн өсөлт шударга байдал, хариуцлага бол ёс суртахуунтай салшгүй холбоотой харагдаж байна. Авлига ядуурал нь ёс суртахуунгүй хэн нэгнээс, хэсэг бүлгээс үүсэлтэй гэж ойлгож болох нь. Нэг ёсондоо Улс орны хөгжил дэвшлийн үндэс нь ёс суртахуун. Тэгвэл эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгохын тулд удирдагч, ард иргэд нийтээрээ ёс суртахуунд суралцах ёстой байх нь. Ёс суртахуун гэж юу бэ гэвэл ойролцоо утгатай олон янзаар тайлбарладаг ч, тархи судлал талаас ёс суртахуун гэдэг нь “Уураг тархины эерэг өгөгдөл” гэж тодорхойлжээ. Хүн бүрд уураг тархи бий. Уураг тархи бүрд эерэг өгөгдөл бий. Тэгвэл уураг тархины эерэг өгөгдлөө нийтээр идэвхжүүлж, эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг бий болгох уу.
Н.ГАНЧИМЭГ