Зам арчлалтын компаниас төрийн эмнэлгийн дарга болтлоо дэвшсэн Б.Түвшинтөр гэж хэн бэ?

33
0
4 өдрийн өмнө
Зам арчлалтын компаниас төрийн эмнэлгийн дарга болтлоо дэвшсэн Б.Түвшинтөр гэж хэн бэ?

Төрийн хариуцлагатай албыг ашиг хонжоо олж, түрийвчээ түнтийлгэх хэрэгсэл болгосон нь илэрч эцэстээ хууль хяналтын байгууллагаас “уяатай” өнжиж буй хүмүүсийг улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдах албан тушаалтан өнгөлж явна.

АТГ-т байцаагдаж хөрөнгөө мэдүүлэх үүрэгтэй төрийн өндөр албан тушаалтнууд орлогоосоо давсан буюу хэт баяжсан бол илүү нарийвчлан шалгадаг. Ингэж АТГ-ын овоо хараанд өрттөлөө баяжиж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хүмүүсийн нэг бол саяхан л Улсын нэгдүгээр төв эмнэлгийн орлогч захирлаар ажиллаж байсан Б.Түвшинтөр. Түүний энэ хүртэл явж ирсэн ажил албан тушаалын замнал ч анхаарал татахгүй байх аргагүй. Өмнө нь Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т хүний нөөцийн мэргэжилтэн, Захиргаа, хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байгаад шууд л эрүүл мэндийн салбартай холбогдох болсон нь сонин. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын замыг арчлах, тэмдэг тэмдэглэгээ, хайрга, дайрга, гудамж талбайн гэрэлтүүлэг хийх чиглэлээр ажилладаг хүн эрдэнэт хүний амь насыг авран хамгаалах үүрэгтэй эрүүл мэндийн салбарт орох болсон. Энэ онцгой салбарт “Билиг” дээд сургуулийн эрх зүйчийн дипломыг улстөрч эзнийх нь тушаалаар дээгүүр ярьж хөөрөөд хэвлүүлчихсэн хүн яагаад оров. Тэр бүү хэл аж ахуйн албанд нь орсон хэрнээ 4-5 жилийн дотор улсын гуравдугаар шатлалын томоохон эмнэлгийн орлогч захирал болтлоо дэвшсэн гэхэд итгэмээргүй. Түүнийг ойрын хүрээнийхэн нь “монтажгүй” дипломтой гэж ярьдаг юм билээ. Ер нь бол Б.Түвшинтөрийн уг гарвалыг хөөвөл С.Батболд руу хөтөлнө. Түүний нөмөр нөөлөгт явж байгаад албан тушаалаасаа унангуут нь Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т мэргэжилтэн нэр зүүж дэн дун ажиллаж байгаад эрүүл мэндийн салбар, УНТЭ-рүү татагдсан гэх.

Ийн анх 2019 онд буюу Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-аас УНТЭ-ийн Аж ахуй, үйлчилгээний албаны даргаар томилогдож 2020 онд буюу жилийн дотор Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал болж дэвшжээ. Ингэхдээ ямар нэг сонгон шалгаруулалт, мерит зарчимгүйгээр шууд кранаар өгсөж ирэв.  

Хамгийн хачирхалтай нь УНТЭ-ийн Аж ахуй, үйлчилгээний албаны даргаар  ирэнгүүтээ зам арчлалтын компанид хамт ажиллаж байсан хүний нөөц, бичиг хэргийн мэргэжилтэн буюу Э.Ганзориг, Б.Тэлмэн нарыг сонгон шалгаруулалтгүйгээр багтаа авчээ. Ингэхдээ Б.Тэлмэнг Захиргаа хүний нөөцийн албаны хуулийн зөвлөх, Э.Ганзоригийг Эдийн засаг, маркетингийн албаны эдийн засагчаар ажилд авсан байна. Энэ нь ашиг сонирхлын зөрчил шүү гэдгийг тухайн үед АТГ анхааруулсан байдаг. Ийн Б.Тэлмэнг ямар ч шалгуургүй томилоод зогсохгүй хагас жил ч хүрэхгүй хугацааны дараа эмнэлгийн үндсэн ажилтанд ч олддоггүй орон сууцны эрх олгосон. Өөрөөр хэлбэл, түрээслээд өмчлөх орон сууцны эрхийг эмнэлгийн ажилтнуудын ажилласан жил, нийгмийн баталгаа, амьжиргааны түвшин зэргийг харгалзахгүйгээр шийдвэрлэсэн. Гэтэл судалгаагаар УНТЭ-т таваас дээш жил ажилласан 491 албан хаагч орон сууцгүй байхад Б.Түвшинтөр таван сар ажилласан “найздаа” орон сууцны эрх олгосон байх жишээтэй.

Бас нэг ноцтой нь Б.Түвшинтөр УНТЭ-ийн Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал болохдоо ямар ч сонгон шалгаруулалт зарлаагүй. Харин бүр зам арчлалтын компанид хамт ажиллаж байсан Б.Тэлмэн нь ажлын байрны тодорхойлолтыг Б.Түвшинтөрийн боловсрол, эзэмшсэн байдал, ажлын туршлагад нийцүүлэн боловсруулсан гэх. Улсын хэмжээний гуравдугаар шатлалын эмнэлгийн төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлын ажлын байранд эрүүл мэндийн салбарт ажилласан туршлага, эрдмийн зэрэг дэвд тавигдах шаардлага, гадаад хэлний мэдлэгийн түвшинг зааж өгөөгүйг хууль хяналтын байгууллага анхааруулсаар байсан ч тоогоогүй байна. АТГ-аас Б.Түвшинтөр Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлын албан тушаал хашиж байгаа нь гүйцэтгэх удирдлага болоод эмнэлгийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох нөхцөл бүрдсэн нь авлигын гэмт хэрэг, хувийн ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байна. Өмнө нь эрүүл мэндийн салбарт ажилласан туршлагагүй учраас “аюултай” гэж үзэж энэ зөрчлөө арилгахыг УНТЭ-рүү зөвлөмж байдлаар явуулсаар байв.

Б.ТҮВШИНТӨР, Б.ТЭЛМЭН, Э.ГАНЗОРИГ НАРЫН ХОРШИЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ САМАРЧ БАЙНА

Б.Түвшинтөр, Б.Тэлмэн, Э.Ганзориг нарын хоршил улсын нэгдүгээр эмнэлэг болоод түүнээсээ хальж эрүүл мэндийн салбар, эм ханган нийлүүлэх байгууллагуудыг мөнгө олох хэрэгсэл болгож буй үйлдэл зогссонгүй. Харин ч улам бүр мэргэшиж Б.Тэлмэн УНТЭ-ийн Аж ахуй, үйлчилгээний албаны даргын албан тушаалыг хашихдаа Б.Түвшинтөрийн командаар эмнэлгийн түрээс, төлбөр мөнгөтэй холбоотой бүх асуудлыг толгой мэдэн шийдвэрлэж сууна. Э.Ганзориг нь эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийг “баздаг”.

 

Ингэхдээ эм ханган нийлүүлэгч байгууллагуудтай өгөө аваагаа урьдчилан тохирч, тендерийн хувь нэхдэгээрээ алдартай. Ийнхүү УНТЭ-ийн тендер, түрээсэн дээр суусан Б.Тэлмэн, Э.Ганзориг нар  Б.Түвшинтөрийн гар хөл болж түүний мөнгө олох хэрэгсэл, сүүлд орон нутгийн сонгуулийн санхүүжилтийг босгож байжээ. Б.Түвшинтөр орон нутгийн сонгуулиар Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр яригдаж байхдаа сонгогчдын саналыг татахын тулд нэгдүгээр эмнэлгийн үзлэгийн цагийг тус дүүргийн ахмадуудын оочер дарааллаар дүүргэж, эм ханган нийлүүлэх байгууллагуудаас үнэгүй витамин татаж хандив мөнгө нэхсэн жишээ олон бий. Энэ арга заль өнөөдөр ч үргэлжилсээр байхад анхаарах хүн алга.

ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ТАТАГДАН ШАЛГАГДАЖ БАЙНА

Гэтэл одоо тэрээр АТГ-т үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлаар шалгагдаж байна. Нэлээн ноцтой, гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн учраас нарийвчлан шалгах шаардлагатай хэмээн үзжээ. Тодруулбал, улсын 1-р төв эмнэлгийн орлогч захирал Б.Түвшинтөр хамаарал бүхий этгээдийн нэр дээр амины орон сууц нэг, хамтран амьдрагчийн нэр дээр амины орон сууц нэг, орон сууц гурав, өндөр үнэлгээтэй автомашин хоёрыг өмчилсөн ба эх үүсвэр нь хууль ёсны орлогоос илт давсан дүнтэй байсан нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байна.

Үргэлжлэл бий...

 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334