Ч.Чимгээ: Хүүхдийг өдөрт нэг цаг гадаа гаргах нь хараа муудахаас сэргийлнэ

33
0
12 өдрийн өмнө
Ч.Чимгээ: Хүүхдийг өдөрт нэг цаг гадаа гаргах нь хараа муудахаас сэргийлнэ

Олон улсад жил бүрийн аравдугаар сарын хоёрдугаар долоо хоногийн пүрэв гарагийг “Хараа хамгаалах өдөр” болгон зарладаг. Энэ жилийн “Хараа хамгаалах өдөр” “Нүдээ хайрлая” уриа дор аравдугаар сарын 10-нд болно. Уг өдрийг тохиолдуулан “Орбис” олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Ч.Чимгээтэй ярилцлаа.

-Эцэг, эхчүүдийн “шүдний өвчин” бол хүүхдийн гар утас, компьютерын хэтийдсэн хэрэглээ. Үнэхээр хүүхдийн хараа муудалтын тэргүүлэх шалтгаан нь дэлгэц мөн үү?

-Хүүхдийн хараа чухал гэдгийг хүн бүр л мэдэж байгаа байх, мөн гар утас, компьютерын хэрэглээ сөрөг нөлөө үзүүлж байгааг бас бүгд л гадарлаж байгаа. Энэ асуудал нь зөвхөн Монголд ч бус дэлхий даяар яригдаж байгаа асуудал. Хүүхдийн хараа муу байх шалтгаан олон бий. Хамгийн түгээмэл нь хугарлын гажиг буюу харааны шилээр засагдах эмгэг.

Эцэг эх, ах эгч нь хараа муутай шил зүүдэг бол хүүхэд төрөлхийн хараа муутай байх магадлал өндөр.

Мөн бага наснаасаа ойрын зайнд гар утас, компьютерыг удаан хугацаанд хэрэглэхэд олдмол хараа муудалт үүсдэг, энгийнээр хэлэхэд хасах шил зүүдэг болно гэсэн үг. Энэ хэрэгслүүд нь зөвхөн хараанд муугаар нөлөөлөөд зогсохгүй, хүүхдийн сурах чадвар, биеийн өөрчлөлт, нойрондоо муудах, зан ааш өөрчлөгдөх гээд хүүхдийн бүхий л биед муугаар нөлөөлж байгаа учраас энэ асуудал бүх улсуудад “толгойны өвчин” болоод байна. Орчин үед эдгээр зүйлсийг огт хэрэглэхгүй гэсэн ойлголт байхгүй тул, хязгаарлах асуудлыг л ярина. Тиймд олон улсад 2-5 насны хүүхдийн дэлгэцийн хэрэглээг нэг цагаас хэтрүүлэхгүй гэж зөвлөдөг. Мөн өөр шалтгаанууд байна.

-Тэгвэл дараагийн онцлох шалтгаан нь юу байна вэ?

-Дараагийн гол хүчин зүйл бол байгалийн гэрэлтүүлэг. Гадаа орчинд байх нь хараа муудахаас сэргийлдэг. БНХАУ, Тайвань, Сингапур, Хонгконг зэрэг Азийн орнуудад хасах шил зүүх эмгэг нь нийгмийн эрүүл мэндийн асуудал болж хувирсан. Тийм учраас эдгээр орнуудад олон тооны судалгаа хийгддэг. Жишээ нь БНХАУ-д хийсэн судалгаагаар хүүхдүүдийг өдөрт нэг цаг гаргах, гаргахгүй гэж хоёр бүлэгт хуваагаад хараа муудалтын даамжралыг нь хэмжиж үзсэн. Үр дүнд нь өдөрт нэг цаг гадаа гарсан хүүхдүүдийн хараа муудалтын даамжрал бага байсан. Энэ нь юу хэлээд байна вэ гэхээр орчин үед хүүхдүүд гадаа тоглохгүй, хиймэл гэрэлтүүлэгтэй байшин, орон сууцаас гарахгүй хичээлээ хийж нөгөө л гар утас компьютер олон цагаар тоглоод байгаа нь хараа муутгаад байна гэсэн үг.

Мөн Африкийн улсуудад судалгаа хийхэд тэнд шил зүүдэг хүүхдүүдийн тоо маш бага байсан. Мэдээж гар утас, компьютерын хэрэглээ нь харьцангуй бага байх. Гэхдээ л дэлхий даяараа хэрэглээд эхэлсэн шүү дээ. Хамгийн гол нь тэнд хүүхдүүд байнга л гадаа байгалийн гэрэлд байдаг.

БНХАУ-д ахлах ангийн хүүхдүүдийн 85-90 хувь нь харааны шил зүүдэг. Өндөр хасах шил зүүдэг эмгэг нь даамжраад, зүүж байгаа шилний хэмжээ нэмэгдээд байвал нүднийх нь угт эмгэг өөрчлөлтүүд гарах, улмаар хараа алдах, хараа алдсанаасаа болж хөгжлийн бэрхшээлтэй болох ч эрсдэлтэй.

Тиймээс БНХАУ хүүхдийн нүдний асуудлыг чухалчлан авч үзэж, томоохон хуулиуд гаргаж, хүүхдүүдийг өдөрт заавал нэг цаг гадаа гаргаад дасгал хөдөлгөөн хийлгэдэг болсон. Тийм учраас ямар ч насны хүүхдийг гадаа гаргах, хөдөлгөөн хийлгэх нь хараанд эерэг нөлөөтэй гэж ойлгох хэрэгтэй.

Мөн зарим сургуулиуд цонхнуудаа сольж, томруулан байгалийн гэрэл илүү сайн орж ирдэг болгож байна. Тиймээс бид хараа муудах шалтгааныг ганцхан гар утас, ойроос аливааг харах зэрэгтээ холбох нь өрөөсгөл юм.

-Эцэг, эхчүүд нүдний эрүүл мэндийн талаар мэдлэг хомс байдгаасаа болж хүүхдээ хараа муутайг хугацаа алдаж мэдэх тохиолдол байдаг. Хугацаа алдсанаараа ямар сөрөг үр дагаврууд бий болдог вэ?

-Манай “Орбис” олон улсын байгууллага Америк зөвлөхтэйгөө хотын төвийн нэг ангид үзлэг хийсэн юм. Долоон настай 35 хүүхдэд үзлэг хийхэд 16 хүүхэд нь харааны асуудалтай байсан. Эдгээрээс гуравхан хүүхэд нь л харааны шилтэй байсан. Үлдсэн 13 хүүхэд буюу 80 хувь нь үзлэгт хамрагдаагүй, шилгүй байсан. Тэдгээр хүүхдүүдэд холын хараа муу, бүр -4 шил зүүх шаардлагатай хүүхэд ч байсан. Ойрын хараа муутайгаасаа болоод уншиж, бичихэд хүндрэл учирдаг хүүхэд ч байсан. Эргээд эцэг, эхчүүдтэй нь уулзаж, ярилцахад хүүхдээ хараа муутайг огт мэдээгүйн дээр гайхаж хүлээж авсан.

Зарим эцэг, эхчүүд нь “Хүүгээ эрэгтэй хүүхэд болохоор хичээл хийх дургүй гэж бодож явснаас хараа муутайгаас болоод хичээлээ хийхгүй байна гэж бодоогүй” гэж байсан.

Аав нь өөрөө шил зүүдэг хэр нь “Хүүхэд маань долоохон настай хэр нь ийм өндөр хасах шил зүүх ёстой юм” уу гэж гайхаж хүлээж авсан нь ч бий. Хотын төвийн, эцэг, эхчүүд нь хүүхдээ багагүй анхаардаг сургуулийн нэг ангийн дүр зураг ийм байсан. Яг ийм байдлаар харааны асуудалтай хүүхдүүдийн 80 хувь нь оношлогдоогүй, илрээгүй явж байна.  жилийн өмнө Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нар сургуулийн хүүхдийн дунд судалгаа хийхэд мөн л харааны шил зүүх шаардлагатай хүүхдүүдийн 80 хувь нь шилгүй байсан. Улс орон хөгжөөд байдаг гэтэл энэ энгийн боловч маш чухал асуудал шийдэгдээгүй л байна.

Мөн 10 жилийн өмнө япон эмч нар манай улсад ирж зургаан настай 709 хүүхдийг харааны үзлэгт хамруулсан. Үзлэгийн дүнд мохос, залхуу харааны асуудалтай хүүхдүүдийн тоо япон хүүхдүүдийнхээс тав дахин их байна гэсэн судалгаа гаргаж байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хүүхдэд таарсан шилийг нь зүүлгээд ч хараа нь сайжрахгүй болсон, хугацаа алдсан гэсэн үг. Ийм эмгэгтэй хүүхдүүдийг бага насанд нь оношлоод таарсан эмчилгээг нь эсвэл харааны шилийг зүүлгэсэн бол насан туршдаа засаршгүй эмгэгтэй болохгүй байлаа. Тийм учраас бид бусад улс орны жишгээр харааны урьдчилсан үзлэгийг цэцэрлэг, сургуулийн орчинд хийж байж хүүхдүүдээ насанд туршийн харааны бэрхшээлээс аварна. Үүнийг эрүүл мэндийн салбарынхан дангаараа шийдэхгүй, бүх талууд оролцох ёстой. Үүнд асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтан, эмч хараа зүйн газар, халамж гээд бүгд багтана. Харааны асуудал нь зөвхөн хувь хүний асуудал биш, хараа сайтай хүн илүү ихийг сурна, илүү ихийг бүтээнэ, нийгэмдээ илүү их хувь нэмэр оруулна, цаашлаад улс орны эдийн засаг хөгжилд нөлөөлнө л гэсэн үг.  

-ЭМЯ, “Орбис”-той хамтран зургаан настнуудад харааны үзлэг хийхээр болжээ. Үзлэгийн онцлог нь юу байх вэ?

-Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Орбис байгууллага хамтран энэ жилээс эхлэн бүхий л зургаан настай хүүхдүүдэд харааны үзлэг хийхээр болсон.

Ирэх жилээс орон нутгийн зургаан настай хүүхдүүдэд үзлэг хийх шийдвэр гарсан. Энэ удаагийн үзлэгийн онцлог нь хүүхдийн зөвхөн холын харааг нь шалгахаас гадна, ойрын хараа, стерео харааг шалгаж байгаа.

Яагаад ингэж байна вэ гэвэл, бид зөвхөн настай хүний ойрын хараа мууддаг гэж ойлгодог. Гэтэл нэмэх шил зүүх эсвэл цилиндр шил зүүх эмгэгтэй хүүхэд ойрд юм харахад, уншихад, бичихэд хүндрэлтэй гэдэг нь АНУ-ын Хүүхдийн Хараа Хамгааллын үндэсний төвийн судлаачдын сүүлийн 20 жил хийсэн судалгаагаар нотлогдсон. Манай улсад энэ талаар сүүлийн үед судалгаа хийгдээгүй ч манай байгууллагын хийсэн төслийн дата мөн эмч нарын ажиглалтаас дээр дурдсан хоёр эмгэгтэй хүүхдийн тоо бусад орнуудтай харьцуулахад өндөр байдаг. Тиймээс хүүхдийн зөвхөн холын харааг шалгах нь өрөөсгөл юм. Учир нь цилиндр шил зүүх эмгэгтэй хүүхэд холдоо асуудалгүй сайн харж чаддаг. Зөвхөн холын харааг нь шалгаад өнгөрвөл цилиндр шил зүүх эмгэгтэй хүүхдийн ойрын хараандаа асуудалтай байгааг нь мэдэхгүй боломжгүй. Иймээс бид хол, ойр, стерео харааг шалгах шинэ аргачлалаар үзлэг хийхээр зорьж байна.

-Дэлхийн жишигт хүүхдийн харааг үзэх тодорхой хуваарь байдаг уу?

-Хүүхдийг харааны үзлэгт хамруулах хуваарь байх ёстой. Мөн тухайн насанд нь хэн ямар багажаар яг ямар эмгэг илрүүлэх вэ гэдэг нь бас ялгаатай. Хүүхдийг 0-6 сартайд нь нярайн эмч, өрхийн эмч гэрэл тусгаад төрөлхийн болор цайх өвчин, нүдний хавдар, нүдний ямар нэгэн бүтцийн өөрчлөлт байна уу гэдгийг үзнэ. Дараа нь 6-12 сартайд хүүхдийн эмч мөн дээрх өөрчлөлт болон хялар, зовхины унжилт гэх мэт эмгэгүүдийг илрүүлэх боломжтой.

3-5 настай хүүхдийг тусгай зориулалтын хүснэгтээр харааг шалгана, хос хараа хэвийн үү, хялар байгаа эсэх, мөн нүдний гаднах байдлыг үнэлнэ. Энэ насны хүүхдийн харааны хэрэгцээ том хүүхдийнхээс арай өөр, илүү ойр болон дундын зайнд тоглох, харьцах шаардлага байдаг.

Үүнийг мэргэжлийн эмч, хүүхдийн эмч болон сургагдсан цэцэрлэгийн багш, эмч илрүүлнэ. Цаашлаад зургаа болон түүнээс дээш насанд жилд нэг удаа үзлэгт хамруулах шаардлагатай. Сургуульд ормогц холд самбар харах, ойрд унших бичих гээд арай өөр шаардлага гарч ирнэ. Цэцэрлэг сургуулийн орчинд зөвхөн илрүүлэг л хийнэ, тэрнээс биш эмчлэхгүй.

Эцэг, эхчүүдийн дунд “Нүдний эмч биш хүн яагаад миний хүүхдийг үзээд байгаа юм бэ” гэдэг ч юм уу асуудлууд гардаг юм. Маш энгийн, хэн ч хийх бололцоотой аргуудыг ашиглаад хүүхдийн насан туршийн хараа болон амьдралын чанарыг нь тодорхойлж болох юм л даа. Тэрнээс биш зөвхөн нүдний эмч энэ бүгдийг илрүүлнэ гэж хүлээгээд сууж болохгүй.

-Эцэг, эхчүүд, багш нар хүүхдийнхээ харааг анхан шатанд нь хэрхэн шалгаж болох вэ. Энгийн аргачлал нь юу вэ?

-Онцолж хэлэхэд хүүхэд өөрийгөө ямар харж байгаагаа мэддэггүй. Тийм учраас асран хамгаалагч, багш, эмч гээд бусад хүмүүсийн ажиглалт их чухал. Хүүхэд төрмөгцөө шууд тод хардаггүй. Хараа тархиндаа хөгждөг. 0-3 сартайд гэрэлд нүдээ аних нь хэвийн үзэгдэл, мөн бага зэргийн хялар харагдаж болно. Мөн түрүүнд хэлснээр ямар нэгэн бүтцийн өөрчлөлт байна уу гэдгийн харж болно. Толгойг дагаж харахгүй. Харин 3-6 сартай нярай хүүхдийг харж байгаа эсэхийг шалгахын тулд тоглоом харуулахын оронд чимээгүй орчинд, өөрөө юм дуугарахгүй царайгаа харуулаад толгойгоо хөдөлгөөд үзэх хэрэгтэй. Хүүхэд дагаж харах ёстой. Мөн ээж нь чимээ гаргахгүйгээр инээмсэглэхэд хүүхэд өөдөөс чинь инээмсэглэнэ. 6-12 сартайд тоглоом, аливаа зүйлийг авах гэж тэмүүлнэ, ном дэлгэц харах сонирхолтой байна.

12-18 сартайд, хөлд орох үед хараа нэн чухал үүрэгтэй. Магадгүй хүүхэд мөлхөхгүй, хөлд орохгүй бол харааны асуудал байгаа юм биш биз гэж сэжиглэх ёстой. Хараа хөгжсөөр найман настай хүүхдийн хараа насанд хүрсэн хүний хараатай ижил болж эхэлдэг.

Цаашлаад хүүхэд тань зурагт, ном үзэхдээ хэт ойроос үзэж, холд байгаа зүйлийг нүдээ онийлгож харж байна уу, нүдээ нухалж, гилжийж харж байна уу, хажуугийн хүүхдээс хуулж, самбар дээрх зүйлсийг зургийг гар утсаараа аваад түүнээсээ хуулж байна уу гэдгийг анзаараарай. Мөн бүдэрч, мөргөж, асгаж, цутгаж байна уу, гадаа гарахад нарнаас гялбаж байна уу, бусад хүүхэдтэй тоглохдоо идэвхтэй оролцоотой байна уу гэх зэрэг зүйлсийг сайтар ажиглах шаардлагатай.

“Эцэг, эхчүүд хүүхдээ ойроос битгий зурагт үзээд бай, холоос хар, ойроос хараад байвал хараа чинь муудна” гэдэг. Хүүхэд харахгүй байгаа болохоор л ойрхон суугаад байгаа юм. Түүнээс ойрхон суучхаад муу хараатай болчхож байгаа юм биш. Хүүхэд насанд хүрэгчид шиг өөрөө явж очоод эмнэлэгт үзүүлэх боломж байхгүй. Тиймээс энэ бүхэнд томчууд бид анзааргатай, идэвхтэй оролцож, ойлгож мэдэж байж тусална.

-Монголчууд хараа муудлаа гэхэд нүдний мэргэжлийн эмчид үзүүлнэ гэхээсээ илүү харааны шил худалдаалдаг газар очоод шил тааруулчихдаг. Хүүхдийнхээ харааны асуудалд ч ийм байдлаар ханддагийг үгүйсгэх аргагүй. Энэ нь хэр зөв юм бэ?

-Хүүхдээ хараа муутайг нь мэдлээ гэж бодоход зөв эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нь чухал. Манай иргэд голцуу хараа муутай юм шиг байна гээд л мэргэжлийн эмчгүй, зөвхөн шил худалдаалдаг газраас шил аваад зүүдэг тохиолдол их байдаг. Тэр нь мэдээж буруу. Тухайн шил худалдаалдаг газар мэргэжлийн нүдний эмч ажиллаж байвал болно.

Манай эцэг, эхчүүд компьютероор шил тааруулахыг гэдгийг сайн гэж бодоод байдаг. Хүүхдэд өөр аргачлалаар нарийн олон шинжилгээ хийж байж тохирсон шилийг нь өгдөг.

Мэдээж эмчээр бичүүлсэн жороо бариад шил худалдаалдаг газар очиж шилээ хийлгэж болно. Буруу шил зүүсэн бол хүүхэд тэрийгээ мэдэхгүй, том хүн шиг өөрийгөө сайн чагнаж чадахгүй. Буруу шил зүүх нь маш их сөрөг үр дагавартай, толгой өвдөнө, ядарна, дотор муухай оргино. Хүүхэд гэлтгүй насанд хүрэгчдэд ч буруу шил зүүхэд сөрөг үр дагаврууд гардаг. Буруу шил зүүснээ мэдэхгүйгээсээ болоод байнга толгой нь өвдөж, мэдрэлийн эмчид үзүүлээд, сүүлдээ MRI шинжилгээ хийлгэсэн ч тохиолдол байсан. Цилиндр шилний градус, хэмжээг жаахан зөрүүлэх, хүүхэн харааны хоорондох зайг нь буруу тааруулчихвал дотор эвгүй оргих, цаашлаад толгой өвдөх, ядрах зовууриуд гардаг.

-“Орбис” манай улсын нүдний эрүүл мэнд тэр дундаа хүүхдийн нүдний эрүүл мэндийн төлөө бодит үр дүнгээ өгсөн олон төслүүдийг хэрэгжүүлдэг. Энэ талаараа та мэдээлэл өгөөч?

-“Орбис” олон улсын байгууллага нь АНУ-д төвтэй, 200 гаруй оронд нүдний тусламж үйлчилгээг сайжруулахаар ажиллаж буй ашгийн бус байгууллага байгаа юм. “Орбис” гэхээр манайхан нүдний нисдэг эмнэлэг гэдгээр нь илүүтэй мэддэг. Бид онгоц ирээгүй үед ч төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлсээр байдаг. “Орбис” олон улсын байгууллагын Монгол дахь салбар сүүлийн 10 жилийн турш Эрүүл мэндийн яам болон бусад эрүүл мэндийн байгууллагатай хамтран олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.

2024 оны байдлаар таван төсөл хэрэгжүүлж байна. Манай байгууллага хүүхдийн нүдний эрүүл мэндийг сайжруулах төслүүдийг илүү түлхүү хэрэгжүүлдэг. Тийм ч учраас манай хамгийн анхны урт хугацааны төслийг Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн төв, таван аймагтай хамтран хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн эмч нарыг чадавхжуулах, тоног төхөөрөмжөөр хангах, сургуулийн хүүхдийн харааны үзлэг хийх, дутуу төрсөн нярайд нүдний эмгэг илрүүлэх тогтолцооны суурь тавьсан.

2024 оноос ЭМЯ, БЯ-тай хамтран сургуулийн хүүхдийн харааны үзлэгийн тогтолцоо бий болгох төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд хүүхдийг зөвхөн илрүүлээд орхих биш, дараагийн шатлал руу хэн илгээх, хэн үзэх хаанаас шилээ авах, сургуулийн орчинд чанартай зөв үзлэг хийж байгааг яаж хянах, эцэг эхэд нь хэн, юу ярьж ойлгуулах, гарч байгаа үр дүнг яаж хэмжих гээд асуудлыг цогцоор нь шийдэхийг зорьж байгаа юм.

Мөн насанд хүрэгчдийн нүдний эрүүл мэндийг сайжруулах төслүүд хэрэгжүүлж байна. Энэ нь болрын мэс заслыг зөвхөн Улаанбаатар хотод бус орон нутагт, аймгийн эмч нар өөрсдөө хийх боломжийг бүрдүүлэх төсөл юм. Мөн чихрийн шижинтэй өвчтөнүүдийн нүдний урьдчилан сэргийлэх үзлэгийн төсөл байгаа.

Манай улсад чихрийн шижинтэй өвчнүүдийн гурван хүн тутмын нэг нь нүдний хүндрэлтэй байдаг. Иймд нүдний хүндрэлийг эрт илрүүлж чадвал хараа алдахаас сэргийлэх боломжтой. Үүнийг зөвхөн нүдний эмч биш харин тухайн хүнд чихрийн шижингийн онош тавьсан газар нь тусгай нүдний угийн зураг авдаг багажаар зургийг нь авч, өөрчлөлтийг нь илрүүлэх боломжтой.

Бид шинэ аргачлал, шинэ технологи нутагшуулах, нүдний салбарын боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх төслүүд хэрэгжүүлснээр Монголын эрүүл мэндийн салбарыг сайжруулахад хувь нэмэр оруулж байна гэж бодож байна. Бид аливаа үйл ажиллагаа зохион байгуулж тэдэн хүнд үзлэг хийсэн, эмчилсэн гэхээсээ илүү тогтолцоонд өөрчлөлт оруулахыг дэмжиж, бодит өөрчлөлтийг харахыг эрмэлздэг.

Бид дангаараа ямар ч төсөл хэрэгжүүлдэггүй, дандаа ямар нэгэн эмнэлэг байгууллагаар дамжуулдаг. Мэдээж бидний санаснаар бүх зүйл болохгүй, хэрэгжүүлж байх явцад олон саад бэрхшээл тулгарна, төлөвлөгөөгөө өөрчилнө, алдана, ононо гээд олон зүйл тохиолдоно. Гэхдээ бид аливаа саад бэрхшээл тохиолдоход суралцаад, илүү зүйл ойлгоод, үүнийг дараагийн шинэ боломж гэж хардаг.  

-Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн хамгийн том нь дутуу нярайн нүдний эрүүл мэндэд анхаарсан төсөл байх аа.

-Тийм. Дутуу төрсөн хүүхдүүдэд нүдний ретинопати гэх эмгэг үүсдэг. Төслийн хүрээнд дутуу төрсөн нярайнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг болсон. Анх Эх хүүхдийн эрүүл мэндийн төв дээр суурилж байсан бол одоо 18 аймагт нутагшуулсан. Дутуу төрсөн хүүхдийн нүдний эмгэгийг илрүүлэх үзлэг маш сайн хийгдэж байгаа.

Нэг түүх ярихад, би 2014 онд Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн 20 гаруй хүүхэдтэй нэгдүгээр ангид ангид очсон. Тэдгээр хүүхдүүдийн хараа алдах болсон шалтгааныг нь багшаас нь сонсоход тэн хагас нь дутуу нярайн ретинопатигаас болсон байсан. Тэр хүүхдүүдийг төрөх үед урьдчилсан сэргийлэх үзлэгийн тогтолцоо манай улсад байгаагүй. Харин өнөөдөр тус эмгэгээс болж хараагүй болсон хүүхдийн тоо маш цөөхөн. Улсын хэмжээнд нэг, хоёр л тоологддог болсон. Тэгэхээр бидний дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн үүгээр харагдаж байгаа байх.

Бид цаашид хиймэл оюун ухааныг ашиглан дутуу нярайн ретинопатийг оношлох төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хийж байна. Мөн бүрэн төрсөн нярай бүрийг нүдний үзлэгт хамруулах төслийг ЭМЯ, ЭХЭМҮТ болон аймгуудтай хамтран хэрэгжүүлж байгаа.

Төгсгөлд нь хэлэхэд, хамт олныхоо өмнөөс хамтарч ажилладаг бүх байгууллагууддаа талархаж явдгаа хэлмээр байна. Бидний хамтын ажлын дүнд илүү олон хүний амьдралд бодит эерэг өөрчлөлт орно гэдэгт итгэж байна.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334