Б.Анхбаяр: Гэртээ хүүхдээ хардаг ээжүүд сард 10-16 сая төгрөгийн хөлсгүй хөдөлмөр эрхэлж байна

90
0
8 сарын өмнө
Б.Анхбаяр: Гэртээ хүүхдээ хардаг ээжүүд сард 10-16 сая төгрөгийн хөлсгүй хөдөлмөр эрхэлж байна

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нь тэмдэглэлт баяр гэхээсээ илүү эмэгтэйчүүдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, тэдний төлөө дуугарч олон нийтийн сонорт хүргэх ёстой өдөр юм. Энэ цаг үед дэлхий нийт гэртээ хүүхдээ асарч  суугаа ээжүүдийн эрхийг хамгаалахад онцгой анхаарал хандуулах болсон. Манай улсын хувьд ч хөлсгүй хөдөлмөр эрхлэгч болсон ээжүүдийн эрхийн төлөө тод дуугарах цаг үе иржээ. Энэ талаар Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн зочин судлаач, жендэр судлалын доктор Б.Анхбаяртай ярилцлаа.

-Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Манай улс эмэгтэйчүүд тэр дундаа ээжүүдийнхээ эрхийг хамгаалж чадаж байгаа юу?

-Манай улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг улсын хэмжээнд баяр болгон өргөн дэлгэр тэмдэглэдэг, бүр бүх нийтээрээ амардаг. Энэ өдрийг тохиолдуулан эрэгтэйчүүд бүсгүйчүүдээ баярлуулахын тулд бүтэн өдрийн турш хичээдэг. Гэхдээ жилд ганцхан өдөр л эмэгтэйчүүддээ сайхан хандах биш өдөр болгон, чадвал тогтмол эмэгтэйчүүдээ ойлгож, туслан тэдний эрхийг хамгаалаасай. 

          Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай ярихаар гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдийн асуудал ихээхэн санаа чилээдэг юм. Учир нь гэртээ хүүхэд хараад сууна гэдэг асар олон ажил амжуулахыг шаарддаг. Хараа хяналт тавих, цаг тухайд нь хоол хийж өгөх, өвдсөн тохиолдолд асрах, сахих, усанд оруулах, хувцасыг нь угааж, индүүдэх, сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авах дээрээс нь гэр орноо цэвэрлэх, хүнсээ цуглуулах гээд асар олон ажлын нэгдмэл байдаг. 24 цагийн турш тасралтгүй үргэлжилдэг маш хүнд ажил. Гэтэл нийгэм гэртээ суудаг ажилгүй гэрийн авгай л гэгддэг. Үнэн хэрэг дээрээ дээрх дурьдсан ажлуудыг тус бүрд нь нэг хүнээр хийлгэе гэвэл жолооч, хүүхэд асрагч, гэр цэвэрлэгч, тогооч зэрэг хэрэг болно. Монголд хүүхэд асрагчийн цалин 1 сая 800 мянган төгрөгөөс гурван сая төгрөг хүртэлх ханштай байна. Ингээд бодохоор хүүхдээ хараад сууж байгаа монгол ээжүүд сард 10-16 сая төгрөгийн хөлсгүй хөдөлмөр эрхэлж байна. Бодит үнэлгээ ийм байгаа боловч манай улсад ээжүүд огт үнэлэгдэхгүй, эрхээ бүрэн эдэлж чадахгүй байна. Үнэлэгдэх нь битгий хэл юу ч хийдэггүй гэрийн авгай гэдэг нэр зүүж байгаа нь шударга бус юм. 

-Жишээ нь таны хувьд хүүхэд асрах асуудлыг гэр бүлдээ яаж шийдсэн бэ?

-Миний хувьд анхныхаа хүүхдийг гаргачихаад эхнэртэйгээ нэг зүйл тохиролцсон. Тэр нь эхнэрийгээ ажилд нь оруулаад өөрөө хүүхдээ харах байсан. Би эхнэртээ “Чи карьераа хөөгөөд яв. Эмэгтэй хүн гэрт удаан суучих юм бол өрсөлдөхөд хэцүү болно. Би хүүхдээ гэртээ хараад үлдье” гэж хэлсэн, түүгээрээ ч болсон. 

          Гэрт суухдаа би хүүхэд харна гэдэг нэрний цаана тус тусдаа ямар нарийн дэглэмтэй ур чадвар шаардсан ажлууд байдаг юм бэ гэдгийг мэдэрсэн. Жишээ нь, сургуульд нь хоцроохгүй аваачиж өгөхийн тулд нарийн төлөвлөгөө гаргах хэрэгтэй болдог. Хэдэн цагт босгож хувцсыг нь өмсүүлж, цайг нь уулгах вэ, хэдэн цагт машиндаа суучихсан байвал түгжирсэн ч хоцрохгүй очих юм бэ гэдгийг бодох хэрэгтэй болно. Сургууль нь тарангуут өдрийн цайг нь уулгаад дугуйланд хүргэнэ, түгжрэлээ тооцож дугуйлангаас нь яг цагт нь авна, гэрт ирэнгүүт нь оройн хоолыг нь хийж өгнө, хичээлийг нь хийлгэнэ гээд л тэр чигтээ төлөвлөгөө, тооцооны ажлууд байдаг. Гэтэл гэртээ хүүхдээ хараад сууж байгаа хүнийг эр, эм гэлтгүй нийгэм дутуугаар үнэлдэг болохыг өөрийн биеээр мэдэрсэн. Хамаатан, садан найз нөхдүүдээс мэр сэр “Энэ нэг гэртээ ажилгүй сууж байдаг юм” гэсэн нүдээр харах үе ч байсан. Зарим хүмүүс төрийн л ажил биш бол хувиараа хөдөлмөр эрхлэлтийг ажилд тооцдоггүй юм байна лээ. 

          Гэхдээ гэртээ хүүхдээ хараад суухад сайхан зүйлүүд ч байдаг юм. Аавууд мөнгө олж ар гэрээ тэжээнэ гэж явахдаа хамгийн чухал зүйлсийг анзааралгүй орхидог юм билээ. Би хүүхдээ харж байхдаа тэр болгон аав нарын харж амждаггүй сайхан мөчийг харсан. Би охиныхоо хамгийн анх алхаж байгааг харж, бүр камерт буулгаж чадсан. Энэ нь миний хувьд хэзээ ч мартахгүй дурсамж болж үлдсэн. Ер нь тэгээд хүүхдээ өсгөж торниулна гэдэг томоор ярих юм бол улсдаа ажиллах хүч, хүний нөөц бэлдэж өгч байгаа тун өндөр ач холбогдолтой ажил. Тиймээс монгол хүн бүтээж байгаа энэ асар том хөдөлмөрийг бодитоор үнэлээсэй, хүүхдээ хараад гэрт суусан хугацааг нь ажилласан жилээр тооцдог байгаасай гэж хүсдэг. Энэ нь эмэгтэйчүүдэд карьераа өсгөх, цалин хөлсөө өсгөх, бусад хүйсний хүмүүстэй эн тэнцүү үнэлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж хардаг. 

-Тэгвэл “Цалинтай ээж” хөтөлбөр хөлсгүй хөдөлмөрийн үнэлэмж болж чадсан гэдэгтээ та санал нийлэх үү?

-Цалинтай ээж хөтөлбөр 2018 оноос хэрэгжиж эхэлсэн санагдаж байна. Энэ бол маш зөв санаа байсан. Одоогийн “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа санаачилсан хуулиар ээжүүд сар бүр 50 мянган төгрөг авдаг болсон. Энэ зөв санаачлагыг одоо цааш нь улам төгөлдөржүүлээд урамшууллыг нь өндөр болгох ёстой юм. 

-“Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжээд долоон жилийн хугацаа өнгөрсөн ч ээжүүдэд өгдөг 50 мянган төгрөг нь нэмэгдсэнгүй. Энэ мөнгийг инфляцтай уялдуулаад нэмээд явсан бол өнөөдөр хэд орчим төгрөг болсон байх бол?

-“Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж бодит ажил болоод долоон жил өнгөрсөн байна. 2017 оны 50 мянган төгрөг магадгүй тухайн үед 40 ам.доллартай тэнцдэг байсан байх. Гэтэл өнөөдөр 15-хан ам.доллартай тэнцэж байна. Төгрөгийн ханш суларсантай холбоотойгоор тухайн үеийн 50 мянган төгрөгийн худалдан авах чадвар өнөөдөр бараг гурав дахин уначихсан байна. Манай улс дийлэнх бүтээгдэхүүнийг импортолдог. Мөнгөний ханш унах тусам авч чадах зүйлс маань улам л цөөрч байгаа. Эмэгтэй хүн хүүхэд асархын зэрэгцээ хамт олон, карьер, санхүүгийн хараат бус байдалд байх хэрэгтэй. Нөхрийн авчирдаг таван төгрөгийг царай алдаад сууна гэдэг хэцүү шүү дээ. 

 

          Уг нь цалинтай ээжийн 50 мянган төгрөг инфляци, төгрөгийн ханштай холбоотойгоор жил бүр өсөх ёстой байсан. Жил бүр өссөөр байгаад өнөөдөр цалингийн доод хэмжээнд хүрчихсэн ч байх байсан юм билүү. Энэ маягаар цааш явсан бол магадгүй дараагийн долоон жилд энэ мөнгө хоёр сая төгрөгт ч хүрэхийг үгүйсгэх аргагүй. Ийм болгохын төлөө Засгийн газар, бодлого тодорхойлогчид ажиллаасай, хэрэгжүүлээсэй. Цалин нэмэх тухай боловч үүний цаана эрүүл, боловсролтой монгол хүн бүтээх үйл явц сууриасаа эхэлж байгаа юм шүү гэдгийг ойлгоосой. 

-Азийн орнуудад эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр эрхлэлт бусад орнуудтай харьцуулахад харьцангуй их байдаг. Ер нь энэ тогтсон хандлагыг өөрчлөхийн тулд яах ёстой юм бэ?

-Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үнэлэхгүй байгаа тухай дөнгөж XXI зуунд ярьж байгаа юм биш л дээ. 1600 оны үеэс л Англид, Европт эмэгтэйчүүд бид нар яагаад адилхан хөдөлмөрлөж байж үнэлүүлэхгүй байгаа юм бэ, шудрага бус байна гэж ярьж эхэлсэн гэдэг. Тэгэхээр 500 гаруй жил яригдаж байгаа асуудал гэсэн үг. Энэ хугацаанд эмэгтэйчүүдийн эрх, хөдөлмөр хувиарлалтын тухай яригдсаар сая дэлхийн нийтийн асуудал болж байна л даа. Одоо бол хүүхэд асрах нь хөдөлмөр, үүнийг үнэлэх ёстой юм байна гэдгийг барууны хөгжингүй орнууд хүлээн зөвшөөрөх болсон. 

Ерөнхийдөө гадны улс оронд төрсний дараах дикретийг аав, ээж хоёрын аль аль нь авч болдог. Эхнэр нь илүү өндөр албан тушаалтай, цалин өндөр авдаг бол нөхөр нь хүүхдээ хараад эхнэрээ ажлыг нь хийлгэж болдог гэсэн үг. Эсвэл хагас хагас жилээр ээлжилж дикрэтээ авч болдог гэх мэт олон хувилбарууд байна. Манай улсад 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд аав, ээж хоёрын аль нэг нь төрсний дараах дикретийг авч болдог болсон. Энэ бол маш том өөрчлөлт. Цаашдаа жендерийн тэгш байдалд аль болох богинохон хугацаанд хүрэхийг нийт ард түмнээрээ эрмэлзэх хэрэгтэй. UNDP буюу НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч асан Элэйн Конкиевичийн хэлснээр хэрэв бид жендерийн тэгш эрхийг хангах ажлыг энэ хурдаар хийх юм бол 168 жилийн дараа жендерийн тэгш байдалд хүрэхээр байна гэж хэлсэн. Тэгэхээр бид энэ асуудалд илүү хурдтай, илүү эрчтэй анхаарал хандуулах ёстой гэж харж байна. 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334